“Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 6-наас 10-ны хооронд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Тус үзэсгэлэнг М-Си-Эс групп ивээн тэтгэж, монголчууддаа үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.
Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын ирэл гарлын түүх, хэл соёл-зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар “Тархан суурьшсан монголчууд” ТББ судлаж, баримтат нэвтрүүлэг хийн МҮОНТ болон Боловсрол суваг телевизээр үзэгч та бүхэнд хүргэж сэтгэлийн утсыг хөндөж байсан билээ. Тэгвэл энэ үйл ажиллагаа өргөжиж, арав гаруй сая монголчууд өөрийн уламжлал, өв соёлоо хэрхэн уламжлан авч явааг та эдгээр гэрэл зургуудаас үзэх боломжтой юм.
Үзэсгэлэнгийн үеэр Иран дахь Монголын “Ил хан”-т улсын үеийн гайхамшигт дурсгалууд, Шинжааны Ойрадууд, Цастын монголчууд гээд зуу зуун жилийн турш монгол соёлын галыг залгамжилж яваа дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай омогшил дүүрэн олон сонирхолтой түүхэн баримтуудыг мэргэжлийн түвшинд дэлгэн харуулах юм.
Монголчуудын бэлэг тэмдэг болсон улаан залаа, хөх толбо, босоо бичиг, эсгий туурга маань өлгий нутгаасаа алсад ч тасралтгүй үргэлжилж эргэх элгэн холбоог минь байнга сануулж байнам.