Чингис хааны нэр, зургийг ашиглах эрхтэй гэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Чингис хааны нэр, зургийг ашиглах эрхтэй гэв үү?

Саяхан нэг инээдтэй гэмээр шүүх хурал болжээ. Аль 1979 оноос Эрдэнэт үйлдвэрийнхэн ашиглаж эхэлсэн БНМАУ-ын 2062-84 дугаартай улсын стандартаар баталгаажсан “Зэсийн баяжмал дахь алт мөнгөний агуулгыг тодорхойлох” аргачлалыг 2008 онд нэг этгээд гарч ирээд “Энэ аргачлалыг би зохиосон” гээд Оюуны өмчийн газраас өөрийнхөө нэг дээр Ашигтай загварын гэрчилгээ гаргуулаад авчээ. Тэгээд Эрдэнэт үйлдвэрээс “миний оюуны өмчийг ашигласан тул…” гээд гурван сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан байна. Тэр аргачлалыг 30 жилийн өмнө Монгол-Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулж гаргаснаар одоог хүртэл Эрдэнэт үйлдвэрт ашиглаж ирсэн аж. Товчоор хэлэхэд, тэр аргачлалаар зэсийн баяжмал дотор хэдий хэмжээний алт, мөнгө зэрэг үнэт металл байна гэдгийг тоймлон тогтоож, үнэлгээ хийдэг бөгөөд одоо бол нэгэнт стандарт болоод тогтчихсон эд л дээ. Шүүх хурлаар нэхэмжлэгчид гурван сая ам.доллар өгөх үндэслэл бий эсэхийг хэлэлцжээ. Нэгэнт  нийтийн хүртээл болоод олон жил болсон, улсын стандарт тогтоосон аргачлалд ашигтай загварын гэрчилгээ олгосон Оюуны өмчийн газрыг шүүх буруутган, нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Гэтэл Оюуны өмчийн газрын хэлтсийн дарга хатагтай Э.Мягмардорж нь уг иргэнд заргыг нь авч өгөхөөр сэтгэл шулуудан шат шатны шүүхэд давж заалдсан байна. Хуулиндаа “Тухайн шийдэл Монгол Улсад болон гадаад орнуудад илэрхий болсон болон нэвтэрч ашиглаж байгаа бол Ашигтай загварын гэрчилгээ олгохгүй” гээд заачихсан байдаг аж. Дээрх шиг жишээ зөндөө бий гэнэ. Төмөр зам, ТЭЦ-4 зэрэг томоохон газруудад олон жил ашиглаж байгаа аргачлалуудыг “би зохиосон” гээд хэн нэгэн сүүлийн үед  өмчлөөд авчихсан, Оюуны өмчийн газар гэрчилгээ өгчихсөн байдаг гэнэ. Түүгээрээ тухайн үйлдвэр, газруудаас мөнгө нэхээд хэвтэж байдаг хүмүүс ч олширчээ. Харин тэр олшроод байгаа хүмүүсийн нийтлэг төрх нь гэвэл ердөө л Оюуны өмчийн газар танилтай хүн байдаг гэсэн яриа бий. Шинэлэг содон үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлдэг цөөнгүй байгууллагууд  энэ газарт ам муутай байдаг юм билээ. Тэд ямар нэгэн шинэ содон зүйл зах зээл үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ өөрсдийнхөө бүтээлийг Оюуны өмчийн газраар баталгаажуулах ёстой. Өргөдлөө ч өгдөг, шинэ үйлдвэрлэл үйлчилгээ технологи ч гардаг. Баталгаажих хариу ирэх гэж их уднаа. Хуулиараа бол барааны тэмдэгт 12 сарын дотор хариуг нь өгдөг юм гэсэн. Ёстой л илжиртэл нь дарна даа. Нөгөө шинэ санал санаачлага хэрэглэгчдийн танил болж зах зээлд эрэлттэй болоод ирэхээр өөр нэг хүн заргалдаад эхэлдэг. “Наадах зүйлийг чинь би эхэлж санаачилсан. Худлаа гэвэл үүнийг хар, миний бүтээл байгаа биз” гээд Оюуны өмчийн газраас баталгаажуулсан гэрчилгээ  үзүүлнэ. Тэгээд “за яахав, тэдэн сая төгрөг өгөөд надаас худалдаж авбал ав” гэж үнэрхдэг гэнэ лээ. Ийм сонирхлын цаад эзэд Оюуны өмчийн газрын эрх мэдэлтнүүд гэж харддаг хүн олон. Учир нь тухайн байгууллагын өргөдлөө өгсөн он сартай яг зэргэцээд адилхан өргөдөл очдог. Өмнө нь ч биш яг тэр өдөр нь шүү. Тийм болохоор тэднийг бусдын бүтээлийг хулгайлж зардаг гэж хардахаас ч аргагүй. Ингэж өөрсдийн санаачилж зах зээлд гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээ технологио бусдад алдан эргүүлж их мөнгөөр худалдаж авсан компаниуд ч нилээд байдаг. Одоо ч гэсэн яваад сурвал шүүх дээр иймэрхүү зарга цөөнгүй байж л байгаа.  Өөр бас нэг жишээ байна. Энэ жишээ инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй. Монгол Улсын түүхэн хүмүүсийн нэр, хөрөг зургийг барааны тэмдгээр бүртгэхийг хуулиар хориглосон байдаг. Манайд Чингэс хаанаар нэрлэсэн маш олон газар, бараа бүтээгдэхүүн бий. Манай Оюуны өмчийн газар эдгээрийн алийг нь ч барааны тэмдэгтээр бүртгэдэгүй. Тиймээс ч Чингэс нэртэй төрийн одонгоос эхлээд онгоцны буудал, зочид буудал, архи, ундаа, хивс хүртэл байхав дээ. Энэ бол хууль зөрчсөн хэрэг биш юм. Манайхан хуулийн цоорхойгоор “ажилласан” гэсэн үг л дээ. Гэтэл Чингэс хааны нэр, зургийг барааны нэрээр ашиглахыг Казахстаны нэг компанид манай Оюуны өмчийн газрынхан сэмхэн өгчихсөн байдаг тухай саяхнаас сонсогдох боллоо. Барааны тэмдгийн хуулиндаа ингэж болохгүй гэж заасаар байхад Оюуны өмчийн газрынхан мэдсэн ч мэдээгүй мэт мэлзсээр даруй 14 жилийн нүүр үзэж байна. Алив юм баримттай нь сайхан шүү дээ уншигч та интернэтээс Дэлхийн оюуны өмчийн газрын http://www.wipo.int/romarin/detail.do?ID=0 линкээр орж Оюуны өмчийн газрынхны балагтай үйлдлийг харж болно. Казахстанд одоо Чингэс хаан нэртэй тамхи Монголын Оюуны өмчийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдаанд гарч байна. Бүр энэ зөвшөөрөл 2016 он хүртэл хүчин төгөлдөр гэнэ лээ. Манай дотоодын компаниуд үүнийг мэдээд гомдол гаргажээ. Хариуд нь “Та нарын эрх ашигт нөлөөлөхгүй. Тэд чинь тамхин дээр л ашиглаж байгаа шүү дээ” гэдэг аж. Гэтэл бид Монголын ганц олон улсын нисэх буудал дээрээ ч Чингис хааныхаа нэрийг барааны тэмдгээр албан ёсоор авч болдоггүй. Мөн тэр зөвшөөрлийг манай тэр дарга өгсөн юм билээ хэмээн булздаг гэнэ. Яаж ч бултах гээд тэд Оюуны өмчийн газрынхан өөрсдийн “Үндсэн хууль” болсон Барааны тэмдэгт, газарзүйн заалтын тухай хуулиа тун чиг ноцтой зөрчжээ. Хэрэв Казахстаны тэр компани “Монголын Чингэс нэртэй газруудын нэрийг бүгдийг нь соль. Манайх хуулиар барааны тэмдгээ “Чингэс” гэж танай Оюуны өмчийн газарт бүртгүүлээд гэрчилгээ авчихсан тул манай эрхийг зөрчиж байна” гээд шүүхдээд хэвтчихвэл манайхан яалт ч үгүй ялагдана. Ингээд Чингэс гэдэг нэрийг 2016 он хүртэл Монголдоо ашиглаж чадахаа болино гэсэн үг. Мэдээж Казахстаны JTI Central Asia компани дахин сунгуулна гэвэл яах ч аргагүй. Зүгээр л Казакстаныхан тэгэхгүй л байгаа болохоос биш, маргааш гэнэтхэн нэг “ухаантан” гарч ирээд мөнгөө нэхвэл дээр хэлсэнчлэн Чингэс хуушуурнаас эхлээд, Чингэс архи, пивонууд, Чингэс  зочид буудал, Чингэс хаан нисэх буудал, Чингэс хивснийхэн маань яанаа. За тэр ч дүүрч. Гол нь 2016 хүртэл бид Чингэсээр овоглож явах эрхгүй болчих вий гэдэг айдас л төрж байна. Нөгөө юун наадам, юун цагаан сар гэдэг шиг. Бид чинь Эзэн Богд Чингэс хаанаар овоглох эрхгүй болчих цаг ойртжээ. Тэгвэл юу болох вэ та минь. Монголын Оюуны өмчийн газар ингэж л ажлаа хийж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэрнээ хувийн компани шиг хачин тогтолцоотой газар Монголын оюуны өмчийг хамгаалах биш хулгайлаад оршин тогтож байна. Хулгайлаад гэдэг нь бас учиртай. Дээрх жишээнүүдээс харахад Монголын оюуны өмчийг хамгаалж, хадгалж байх ёстой энэ газрын үйл ажиллагаа үйлчлүүлэгчдэдээ хэдийнэ гологдож эхэлжээ. Тэд ажлаа мэдэхгүй  байна уу, эсвэл төрийн нэр ашиглан мөнгөний бизнес хийгээд байна уу гэдгийг ялгаж зааглах цаг нь болсон бололтой.

Зохиогчийн эрх: “Өдрийн сонин”. 2010.07.01

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж