Аз жаргалтай амьдралд хөтлөх Буддист зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай амьдралд хөтлөх Буддист зөвлөмж

Үр дүнтэй амьдарч сурахад эдгээр зарчим хэрэг болно. Та бид үргэлж сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн. Харин сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцүү бишээ. Санаа сэтгэл гэдэг сул тавьчихсан сармагчин шиг нэг сэдвээс нөгөө рүү үсчиж байдаг. Бодитой юманд хүрье гэж байгаа бол сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Бясалгана гэдэг нь өөртөө эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хий гэж 2500 жилийн турш сурталчилсаар ирсэн билээ.

1. Бага унт.

Ингэвэл таны амьдрал илүү үр дүнтэй, бүрэн дүүрэн болно. Эрүүл саруул амьдрахын тулд 6 цаг унтахад хангалттай байдаг. 21 хоногийн турш өмнөхөөсөө 1 цагийн өмнө бос. Тэгвэл зуршил болно. Гүн нойр чухал болохоос удаан унтахдаа биш.

2. Өглөө бүр бясалгал хий.

Энэ үед таныг хүлээж буй үймээнт амьдралд умбан ороход хүрэлцэхүйц эрч хүчээр сэтгэлээ цэнэглэ. 7 хоногт 1 удаа нар мандахыг хар эсвэл байгальд гар.

3. Аар саар зүйлд анхаарал бүү хандуул.

Цаг, зав, эрч хүчээ зөв зарцуулж байна уу? гэж өөрөөсөө асууж бай.

Цаг хугацааг зохицуулна гэдэг амьдралыг жолоодно гэсэн үг, цагандаа харам бай.

4. Амин чухал асуудалд анхаарлаа төвлөрүүлж сурахын тулд бугуйндаа “үсний резин” зүү.

Дэмий бодол санаа төрөх бүр резинээ татаад тавь. Тархи тэр дэмий бодол сэдлийг өвдөлттэй уялдуулан хүлээж авснаар дахин тэр мэт санаа төрөхөө болино.

5. Бүтэн сайн өдөр энэ зарчмыг ягштал баримтлаад үз.

Энэ үедээ 7 хоногийнхоо ажлаа төлөвлө. Төлөвлөсөн ажлаа ямар үр дүнд хүрэхийг төсөөлөн бод. Шинэ мэдээлэл авах ном унш. Намуухан хөгжим сонсож амгаланг мэдэр. Энэ нь таныг төвлөрүүлэх, зорилготой, идэвхтэй байхад тань хазаар болж өгнө.

6. Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг байнга санаж яв.

Хамгийн чухал харьцаа бол өөрөө өөртэйгээ харьцах. Таны бодол санаа төвлөрсөн зүйл л таных болдог. Энэ бол амьдралын хууль.

7. Аливаа асуудлын үр дүнд нь бус үйл явцад нь анхаарлаа хандуул.

Танд таалагдаж байгаа учраас, хэн нэгэнд хэрэгтэй болохоор эсвэл эрхэм дээд үйл хэрэг учраас л хийх ёстой. Мөнгө, шан харамжийн төлөө ажиллах хэрэггүй. Аяндаа тэр бүхэн таных болно.

8. Инээмсэглэж бай.

Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг. Далай лам үргэлж инээмсэглэж явдгийг сана. Инээмсэглэлийг өөртөө дадуул, амьдрал тань илүү амьд болно.

9. Орой юм уншихдаа лаа асааж бай.

Ингэвэл гайхалтай амгалан орчин бүрдэнэ. Гэрээ гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан баян бүрд болгож хувирга. Гоё хөгжим, сайхан ном, сайхан найзуудаар гэрээ дүүргэ.

10. Анхаарлаа төвлөрүүлж сурахын тулд явган алхахдаа алхаагаа тоол.

Зургаан алхамын дотор амьсгаа авч, дараагийн зургаан алхамд амьсгалаа түгжиж, дахин зургаан алхамд амьсгаагаа гарга. Хэрвээ зургаан алхам танд уртдаад байвал өөртөө тохируулан цөөл. Хүмүүс тархи толгойдоо элдвийн хог тээж явах нь элбэг.

Өөрийнхөө чадварыг бүрэн дайчилж чаддаг хүмүүс чухал асуудал дээрээ төвлөрсөн сэтгэл санааны амгалан байдлыг эрхэмлэдэг.

11. Тайван байж сур.

Өдөртөө ядаж 10 минут чимээгүй сууж нам гүмээс цэнгэл амсаж хэвш. Энэ амьдралд хамгийн чухал нь юу болохыг тунгаа.

Өөрийнхөө үйл хэргийг эргэцүүл. Чимээгүй байх нь алт.

12. Оюун санаагаа салхинд хийсэх хуудас цаас шиг зөнд нь бүү орхи.

Үргэлж төвлөрүүл. Хэрвээ та ямар нэг зүйл хийж байгаа бол өөр юм битгий бод. Ажилдаа явахдаа гэрээсээ ажил чинь хүртэл хэдэн алхам байдгийг тоол. Энэ хялбар биш, гэхдээ удалгүй таны оюун ухаан таныг удирддаг бус харин та өөрийг нь жолооддог болохыг аяндаа хүлээн зөвшөөрнө. Эцсийн дүндээ таны оюун өчүүхэн ч салхигүй орчинд бадамлах зул адил тогтуухан гэрэлтэж байх ёстой.

13. Оюун ухаан гэдэг булчинтай л ижил.

Эхлээд дасгалжуулах хэрэгтэй харин дараа нь хүч чадлыг сорих учиртай. Эхэндээ хэцүү байж болно, гэхдээ алгуурхан сайжирсаар таны төрөлх шинж чанар болон төлөвшинө. Өлссөн үедээ дараагийн хоол болтол тэс. Хүндхэн ажилд дарагдсан үе таны оюун санаа хэн нэгэнтэй ярих, ном сэтгүүл шүүрэн авч унших гэх мэтийн үйлдэл хийлгэж амрахыг чармайдаг, энэ үед шууд л амралтыг нь таслан зогсоож бай. Удалгүй та хэдэн цагаар ч хамаагүй нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурна.

14. Бага ярь.

Ярихдаа 60/40 гэдэг дүрэм баримтал, нийт хугацааны 40 хувьд яриад 60 хувьд нь сонс. Ингэвэл нэр хүнд тань өсөөд зогсохгүй, уулзаж байгаа хүмүүсээс олон ухаалаг зүйлийг сонсоно. Таныхаар бол алдаа дутагдал гаргаж байгаа хэн нэгнийг шүүмжилж, хов ярихаа боль. Өөрийгөө голж үглэхээ боль.

15. Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эсрэгээр өөрчилж бай.

Эерэг нь сөргийгөө үргэлж даван гардаг тул таны оюун ухаан үргэлж сайн сайхныг бодож хэвшинэ. Сөрөг бодол санаа бол муу бүхнийг ахин дахин төрүүлж байдаг систем юм. Энэ системийг зад цохин хүчтэй, эерэг санаа сэтгэгч болохтун.

Эх сурвалж: bikhanzi.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж