54 мянган хүүхдийг хэн харах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

54 мянган хүүхдийг хэн харах вэ?

Цэцэрлэг сургуулийн асуудал эцэг, эхчүүдийн хувьд бухимдал үүсгэсэн, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнынханд асуудал үүсгэсэн том сэдэв байсаар байна. Жилийн жилд, намрын намар энэ сэдэв бөөгн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлдэг ч цоожтой хаалганы цаана ганцаар үлдэх хүүхдийн тоо буурахгүй байгаа юм.

Салбарын яамнаас өгсөн мэдээллээр   2014-2015 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаа аж.  Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн байна. Яамнаас гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байгаа тоо гарчээ. Тодруулбал, энэ жил 54 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй юм байна. Түүнчлэн энэ онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орох аж.

Хувийн цэцэрлэгүүдийн хувьд төлбөр өндөр. Сарын 150-450 мянган төгрөгийн төлбөр төлж хүүхдээ хувийн цэцэрлэгт хамруулж чадах нь хэд билээ. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийн сайжруулах нь ногоон уут тараахаас чухал ажил гэдгийг ч эцэг эхчүүд онцолж байна. Улсын цэцэрлэгийн хувьд ачаалал ихтэй, стандартын дагуу бол 25 хүүхэд авах ёстой ч өнөөдөр бүх цэцэрлэгүүдийн анги тус бүр 40-50 хүүхэд хүмүүжиж буй. Үүнээс болоод элдвийн халдварт өвчин тархах, агаарын дутагдалд орох, хөдөлгөөн хоригдох гээд олон сөрөг тал анзаарагдаж байгааг ч мэргэжлийн хяналтынхан анхааруулсаар.  Улсын цэцэрлэгүүдийн хувьд насжилт өндөр цэцэрлэгүүд олон.  Дээвэр, туургаа нөхөн цойлдсоор өнөөг хүрч байгаа болохоос шинээр засварлах цэцэрлэг олон бий гэнэ. Хуучирч муудсан гээд нураасан цэцэрлэгүүдээ шинэчлэн барьж чадаагүй, төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс өнөөг хүртэл зарим цэцэрлэгийн барилга “балгас” хэвээр байгаа. Ногоон уут тараахад тэрбэм, тэрбум төгрөг зарцуулж байхаар нэг ч гэсэн цэцэрлэгээ ашиглалтад оруулахад аштай юу хэмээн халаглах эцэг эх цөөнгүй.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж