Гэрэл зургийг: АДАМ ФЭРГЮСОН
Талибанчуудын хангамжийн замыг устгах ажиллагааны үеэр дэслэгч Картрайт Айзектэй тоглоно. Ноход сургагч эздийнхээ сэтгэлийн хөдөлгөөнд маш мэдрэг. Нохой сургагч Жэй Крафтер “Өөрт чинь таагүй өдөр тохиовол нохойд чинь ч мөн тийм байна” гэсэн юм.
Афганистанд тэсрэх бөмбөгт өртөхийн өмнөх шөнө тэнгисийн цэргийн түрүүч Хосе Армента майхан дотроо Малрүүни, Бэрри болон “Христос” хочтой сувилагч цэргийн хамт даажин хийлцэнэ. Энэ зуураа тэрээр Зенит хэмээх немц овчарк нохойгоо хооллож байлаа. Зенитэд ухаангүй хайртай радио холбооч Бүйе түүний үсийг хойш урагш нь сөргүүлэн эрхлүүлнэ. Гуравхан сарын дараа өөрөө амь үрэгдэнэ гэдгээ Бүйе яахин мэдэх билээ. Тоосрох элсэн цөлийн шингэж буй нарны гэрэлд Хосе нохойтойгоо сургуулилт хийхээр гадагш авч гарлаа.
Ийм үед мань хоёрын чухам нар нь гарна. Зенитийг суухыг тушаагаад Хосе өөрөө 50-иад метр шогшин холдож, шавар хананы доор Конг гэх резин тоглоомоо нууж шороогоор далдлав. Хосегийн командаар ухасхийх Зенит нуусан зүйлийг олохоор сүүлээ шарвалзуулан зүг бүрт хэрэх нь гадны хүнд учир нь олдохгүй түвэгтэй бүжиг мэт. Тушаал бүрийг нохой дуулгавартай гэгч дагах нь нуусан зүйлийг хайж олох ганц зорилготой. Гэхдээ маргаашийн эргүүлийн үеэр конг бус харин ГТТ буюу гар хийцийн тэсрэх бөмбөг олох ёстой. ГТТ бол АНУ-ын цэргийн эсрэг талибанчуудын хэрэглэдэг хамгийн харгис хөнөөлт зэвсгийн нэг. Хэрэг дээрээ нохой тэр бүрийг олж илрүүлээд байж чаддаггүй.
Хелманд мужийн Сангин хотын захад орших Алькатрас цэргийн баазад алба хаахдаа Хосе өнгөрөгч гурван сарын турш юу ч илрүүлж чадаагүй аж. Хэзээд нүүр дүүрэн инээж явдаг өөдрөг түүнд амжилт муутай байгаа нь нөлөөлөөд ч тэр үү үүрсэн 35 кг зэвсэг хэрэглэл нь 37 хэмийн халууныг улам бүгчим болгоно.
Хосе бол хуваарьт салаандаа бараа болж, дайсагнагч нутаг дэвсгэрт журмын нөхдөдөө явах замыг нь цэвэрлэх үүрэгтэй армийн нохой сургагч. Нохой нь түүний цорын ганц итгэлт анд. Үй зайгүй мөр зэрэгцэн олон жил алба хаасан нөхдөөсөө ч Хосе зай барьж явна. Гэхдээ тэд өөрт нь хэзээ нэг цагт талархах болно гэдгийг Хосе мэднэ.
Үргэлжлэл: nationalgeographic.mn