Уурхай болон байгаль орчны талаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Уурхай болон байгаль орчны талаар хуралдав

“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монполимет групп, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” ээлжит IX хурлыг наймдугаар сарын 28-наас 9 сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Гео Шинжлэх ухаан Байгалийн нөөцийн Хүрээлэн /BGR/ нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран 2006 оноос “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж, Монгол Улсын уул уурхайн салбарын төрийн ба төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны болон уул уурхайн төлөөллүүд өргөнөөр оролцдог. Хурал нь байгаль орчныг хамгаалах асуудалд нийгмийн анхаарлыг хандуулан хариуцлагатай уул уурхайг дэмжиж, уул уурхайн нөхөн сэргээлтийг зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байхыг уриалсан, үр дүнтэй, өгөөжтэй арга хэмжээ болон өргөжиж байна. Жил бүр арга хэмжээг байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийж гүйцэтгэдэг уул уурхайн компанитай хамтран зохион байгуулдаг.

Энэ удаагийн  онол практикийн хурлын хамтран зохион байгуулагч Монполимет Групп нь 2007 онд тус хурлыг хамтран зохион байгуулж өдгөө хоёрдахь удаагаа оролцож байна.

Монполимет группийн Тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Тосонгийн гольдрилын болон дэнжийн ордод уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэр уул уурхайн ашиглалттайгаа зэрэгцүүлэн байгаль орчны нөхөн сэргээлтийг олон жилийн туршид хийж гүйцэтгэж ирсэн.

Тосон үйлдвэр нь нөхөн сэргээлтийн ажлыг техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэсэн 2 үндсэн чиглэлээр хийдэг. Тосонгийн ордод хийгдэж буй уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл 2014 оны 08 сарын 20 байдлаар нийт 672.8 га талбайд уулын ашиглалт явуулсанаас техникийн нөхөн сэргээлтийг 675.7 га талбайд, биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг 63 % буюу  433.7 га талбайд тус тус хийж, гүйцэтгэн комисст хүлээлгэн өгчээ.

С.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж