Залуусын манлайлал улс төрд шинэ соёл бий болгоно

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Залуусын манлайлал улс төрд шинэ соёл бий болгоно

Аливаа эмх замбараагүй байдал тархинаас эхтэй.

Тархин доторхоо цэгцэлэхэд цэвэр агаар тустай.

Нийгмийг  бүрдүүлэгч  хэсгүүдийн  үзэл бодол  эрс тэс  байдаг нь байгалийн  мөн чанар. Нэгдсэн шийдвэрт хүрэх  боломжгүй нөхцөлд хамтдаа оновчтой гарц эрэлхийлэн  хэрэгжүүлэх үйл явцыг “улс  төр” гэж нэрлэх нь хамгийн зөв болов уу.

Өнөөгийн  Монголын нийгэмд “Улс төр”   заваан,  бохир, увайгүй гэсэн шошготой болоод энэ талаар  үзэн ядсан, гайхаж, шогширсон яриа шар мэдээтэй холилдон  хөвөрсөөр. 

18-25 насныхны дунд  явуулсан  судалгаагаар  улс төр бол  мөнгө, эрх  мэдэлд хүрэх арга зам, улс төрийн нам бол албан тушаалд хүрэх дамжлага гэж үзэх болсноо  нуулгүй  хэлжээ. 

Идэр залуу насанд хүртэл төлөвшиж буй  болсон  үнэт зүйлс, улс төрийн хандлага, итгэл үнэмшил  насанд хүрсэн хойно ч  төдийлөн өөрчлөгдөхгүй байх нь олонтаа. Хүний ертөнцийг үзэх үзэл, улс төрийн боловсролын  үндэс  болсон гэр бүлийн хүрээнд  эцэг эхийн  улс төрийн талаарх бухимдал, шүүмжлэлтэй байр сууриуд боловсорч,  төлөвшиж буй залууст ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр улс  төрийн үйл явцын талаар явуулж байгаа мэдээллийн 70 хувь нь сөрөг мэдээлэл байна. Харин тэдгээр мэдээллийн давтамжийг харахад сайн мэдээ ойролцоогоор 3 давтагддаг бол саар мэдээ 13 давтагддаг ажээ. Харин залуучууд 13 давтагдаж байгаа мэдээллийг хамгийн соргог хүлээн аваад дараа нь итгэн өөрийн хандлага болгох нь элбэг байна

 Энэ бүхэн залуусын ухамсарт “Улс төр”  нь хэрэггүй, огт хамаагүй  зүйл мэт  стереотип  /хэвшмэл дүр зураг/ бий болгон  өөхшүүлж, улс төрийн тогтолцоо ,  улс төрийн намууд, улс төрчдийн  талаар сэтгэл дундуур байх хандлага ихээр ажиглагдах болжээ. Ийм л байдал засаглалын  легитим /нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн/ шинжийг тогтмол бууруулсаар хямралд хүргэж байна.

Өнөөгийн  бодит байдал бол  бидний хийж байгаа  сонголтын үр дүн  гэдгийг  бид хүлээн зөвшөөрдөггүй. Мөн нөхцөл  байдалд  бодит   дүгнэлт хийх чадвар  сул  байгаатай  шууд холбоотой.

Ардчилсан нийгэмд амьдарна гэдэг хүн бүр улс орныхоо амьдралд  оролцож,  шийдвэр гаргахад  бага ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулж, сонголтынхоо  хариуцлагыг хүлээдэг байхын   нэр юм.

Монголын залуу үеийнхний  хувьд  улс төрийн үйл явцад өөрийн дүгнэлтийг өгч ,  нийгмийн амьдралд  идэвхтэй  оролцох боломжтой  гэдгийг  мэддэг хэдий ч хувь хүний  тоомжиргүй хандлага давамгайлж, улс төрийн оролцооны соёлгүй иргэд  дийлэнх олонхийг бүрдүүлэх болжээ.

Энэ бүхнээс үүдээд Монголын улс төрийн систем, улс төрийн институт, сонгуулийн үйл явц, улс төрийн лидерүүдэд  хандах үнэлэмж нь сул, өнөөгийн засаглал нь зайлшгүй чухал, зохимжтой систем эсэхэд эргэлзсэн хандлага олонход нь давамгайлж байна

Энэ нь ардчилсан нийгмийн үндэс болсон хянах, эргэлзэх, шүүмжлэх эрх чөлөөний илэрхийлэл боловч залуусын олонх нь эрх үүргийн мэдрэмж сул, өөрт тулгамдсан асуудлын буруутныг бусдаас хайдаг, хариуцлагын мэдрэмж бага, аливаа мэдээллийг шүүн тунгааж, ул суурьтай хандаж, шийдвэр гаргах чадвар сул, ийм зан үйл төлөвшөөгүйн улмаас улс төрийн сөрөг оролцоог сонгох, эсвэл энэ бүхнээс татгалзан өөрт нь ямар ч хүртээлгүй  гэж үзэх байдлаар    илэрч байна.

Нийгмийн амьдралыг  өөрийн зөв гэж үзэж байгаагаар өөрчлөхийг хүссэн ч  оновчгүй  хэлбэрээр эсвэл  үр дүнгүй байдлаар үзэл бодлоо илэрхийлэх нь  надад огт хамаагүй хэмээн нүүр буруулан огт  хэрэгсэхгүй  байснаас хэд дахин  илүү юм.  Учир нь тийнхүү үзэл бодлоо илэрхийлж байгаа нь амьдралынхаа төлөө санаа зовниж, хариуцлагаа ухамсарлаж байгаа явдал.

Тийм оролцоог дэмжиж харин үзэл бодлоо оновчтой илэрхийлдэг соёлыг бий болгон  тулгарсан асуудлаа хамтран шийдвэрлэдэг, нэг нэгнээ хүндэтгэн хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх  нь та бидний хамгийн гол зорилго. 

Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж байдаг хууль эрх зүйн хэм хэмжээнүүдийг албадлагын хэрэгсэл гэж хардаг өмнөх нийгмийн сэтгэлгээний инерци хүчтэй хэвээр байсаар байгаа нь залуу үед уламжлагдсаар байна.

Гэтэл ардчилал төлөвшиж хөгжсөн улс орнуудад иргэд нь хууль, улс төрийн шийдлээр гарч буй аливаа хэм хэмжээ, бодлогуудыг нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн,  амьдралд нь шууд нөлөөлөх чухал зүйл хэмээн хүлээж авдаг. Иймээс хариуцлагатай ёс зүйтэй иргэн хүний хувиар аливаа  асуудалд ханддаг.

Сэтгэл зүйн онолын үүднээс авч үзвэл хүний шүүмжлэх мэдрэмж өсөх тусам бүтээх эрмэлзэл  багасдаг байна. Бид өөрчилж, шинэчлэх ёстой гэж ярьж чаддаг, харин өөрчлөх хамгийн энгийн, боломжтой үйлдлүүдийг хийдэггүйд л хамаг учир оршиж байна.

Цаашлаад хүн амын олонх болсон залуу үеийн улс төрийн нийгэмшлийн талаар системтэйгээр баримтлах бодлогыг бусад ардчилсан улс орнуудын жишгийн дагуу гаргаж тавих, улс төрийн боловсролын асуудалд анхаарал тавих шаардлагатай болжээ.  

Эрх баригчдын зүгээс залуу үеийнхээ хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагыг тусгасан улс төрийн бодлогыг хэрэгжүүлж, легитим шинжийг эрчимтэй алдагдуулж байгаа хандлагыг өөрчлөх шийдэл эрэлхийлэхгүй бол энэ яваандаа улс төрийн оролцооны хямралд хүргэж болзошгүй юм.

Залуус бид хямралаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үүний хариу бол бидний оролцоо, идэвх санаачилга, манлайлал юм.

Улс төр бол нийгмийн соёлын хамгийн чухал элемент болдог гэдгийг мартаж боломгүй. Улс төр л хүний болон нийгмийн амьдралын бүх хэсэгт нэвтэрч, нийгмийн хөгжлийг чиглүүлэгч бодлого болдог билээ. Өнөөгийн ээдрээтэй үед улс төрчдийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх, шүүн хэлэлцэхэд, түүнчлэн зарим улс төрчдийн улс орныг удирдах чадавхийг танин мэдэхэд залуусын улс төрийн боловсрол хамгийн чухал юм.

Манай улс орон ямар байх нь бид хэрхэн түүнийг бүтээхээс шууд хамаарна гэдгийг мартаж болохгүй. “Хэрэв дэлхий ийм байгаа бол чиний буруу биш, харин ийм байлгаад байгаа нь чиний буруу!” гэсэн    мэргэн үг байдаг.

Улс төрийг ганцхан үгээр илэрхийлье  гэвэл “бодлого” гэж илэрхийлэгдэнэ.

Өнөөгийн нийгэмд улс төргүй, бодлогогүй амьдрал гэж байдаггүй. Бодлого, улс төргүй эзэнгүй арал дээр Робинзон Крузо л амьдарч байсан байх. Гэхдээ тэр байдал нь арал дээр Баасанг гарч ирэх хүртэл л үргэлжилсэн болов уу. Хаана хүний нийгэм байна тэнд  улс төр-бодлого байх л болно.

Улс төр гэж үнэн хэрэгтээ бүх нийгэм, түүний эд эс бүрийн харилцан хамаарлын тогтолцоог тохируулагч өгөгдөхүүн юм. Хүссэн хүсээгүй энэ тогтолцоонд харилцан хамааралтай байсаар байж бидний амьдралын нөхцлийг үргэлж өөрчилж байдаг. Ардчилсан нийгэмд өсч, торнисон залуус өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг урьд өмнө ч, одоо байсаар байгаа өөрчлөгдөшгүй өгөгдөл хэмээн үзэх хандлагатай байдаг. Ажиллаж хөдөлмөрлөх газар байвал ажилла, боломж байвал зугаац, цэнгэ… тэртээ тэргүй чамаас юу ч шалтгаалахгүй, “төрийн өмнөөс оготно боож үхэх”-тэй адил гэх мэтээр залуусын оюун санааг хэвшмэл, стереотиптэй болгон нийгэмшүүлж байна.

 Үндэсний лидерүүд, улс төрчид гэх тусгай хүмүүс бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа гэх ойлголтыг хэвшүүлж залуусын үүрэг оролцоог мартагнуулж байна. Гэтэл хувь хүн өөрийнхөө амьдралын төлөө шийдвэр гарган оролцох эрхтэй. 
Өнгөрсөн 25 жилийн нийгмийн өөрчлөлт дунд улс төр дахь залуусын оролцоо улам л хумигдаж иржээ. Ажилгүй, үнэлэмжгүй монгол залуусыг басамжлах гэж эрх чөлөөг тунхаглаагүй л байлтай.

Улс төр өдөр бүр бидний гэрт үнийн өсөлттэй, нийтийн аж ахуйн асуудлуудтай, юунд ч хүрдэггүй цалин, тэтгэмжтэй хамт айлчлан ирсээр байна. Үнийн өсөлт бол бодлого, утаа угаар бол бодлого, зам харгуй, түгжрэл бол бодлого, бүгд улс төрийн бодлого, шийдвэр билээ.

 Залуус бид улс төрийн объект.  Дан ганц объект байх бус субъект нь ч байх эрхтэй. Амьдрал бол хэн нэгэнд даатгаад орхиж болохгүй  ганц олдох, хэмжих аргагүй чухал зүйл. Өнөөдөр биднийг эх орондоо, төрөлх хотдоо, сумдаа сайн сайхан амьдрах нөхцөл, дэлхий дахинд “Монгол улсын иргэн” гэж хүндлүүлэх бололцоог бүрдүүлж, ухаалаг удирдлага, үйлчилгээгээр хангаж чадахгүй байгаа, тийм шийдлүүдийг олж харж чадахгүй байгаа улс төрийг эергээр манлайлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. 

Санаа бодол, оюун ухаанаа  уралдуулбал  шийдэл  олдоно. Бид дан ганц өнгөрсөн алдаанаасаа суралцах бус, ирээдүйгээ харж, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн урагшилж чадах “Шинэ манлайлагчид” гэдгээ нотлох цаг болжээ.  Улс эх оронд маань шинэ сэргэлтийг авчрах сэрүүн салхи шиг залуу  үеийнхэн хэрэгтэй байна. 

Либерал хаус хүрээлэнгийн судлаач С.БАТ-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж