З.Энхболд эмнэлгийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

З.Энхболд эмнэлгийн нээлтэд оролцов

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачлагаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2014.08.28/ болов.

Энэхүү эмнэлгийн барилга нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр болон  бусад сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар баригдаж ашиглалтад орж байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон хандив тусламж үзүүлсэн дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй  үйлстнүүдийн төлөөлөл  оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Ажиа гэгээнтний санаачилсан буянтай үйлс ажил хэрэг болж дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" ашиглалтад орж байгаад баяртай байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, монголын ард түмэн хэзээ ч мартахгүй. Манай эмч, эмнэлгийн ажилтнууд Таны энэ их үйлсээр боссон эмнэлэгт олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Эрхэм Ажиа гэгээнтэн Танд эрүүл энх, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч, сувилагч, ажилтнууддаа ажлын амжилт хүсье” гэлээ.

"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь үйлчлэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай, өвчтөний аюулгүй байдлыг бүрэн  хангасан орчин, цахилгаан болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгджээ.

Энэхүү барилга нь  бүхэлдээ дохиолол, камер, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэсэн бөгөөд давхар бүртээ үйлчлүүлэгчид зориулсан хүлээлгийн, уулзалтын талбай, өрөөнүүдтэйгээс гадна тасаг бүрийн онцлогт тохирсон тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

“Энэрэл нигүүсэл оюун билгийн  төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан буяны үйлсэд оролцсон сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтанд орж байгаад туйлын их баярлаж буйгаа онцлов.

Мөн тэрээр "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь  хүүхдийн зүрхний ангиографи /катетер/-ийн орчин үеийн лабораторитой. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн “Siemens” брендийн хоёр туйлт иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 9-нд анх барилгын суурийг тавьж ийнхүү хоёр жилийн дотор хүүхдийн эмнэлэгээ ашиглалтад оруулж байна.

Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт гүнээ талархаж байна. Мөн  Тайвань, Сингапур, БНХАУ, Япон, АНУ-аас өглөг хандив ирүүлсэн, энэхүү үйлсэд оролцсон бүх буянтай үйлстэн бүхэнд талархаж арван цагаан буян арван зүгт дэлгэрэх болтугай хэмээн ерөөл өргөв.

Хүүхдийн эмнэлэг нь гурав буюу зургаан давхар бүхий хоёр үндсэн байгууламжаас бүрджээ. Зургаан давхар бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх барилга нь 25 ортой нярайн эмчилгээний тасаг, 50 ортой цусны эмгэг, хавдар судлалын тасаг, нярайн болон хавдрын мэс заслын хэсэг, оношлогоо эмчилгээний хэсэг, хөнгөвчлөх эмчилгээний хэсгээс бүрдэж байна.

Харин гурван давхар эмнэлэгийн барилгыг сургалт, судалгаа, зочин, эмч, мэргэжилтнүүдийн байр байхаар тохижуулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж