Фото: Allauddin Khan / AP
Финлянд, Швед хоёр НАТО-гийн шуурхай ажиллагааны хүчийг нутаг дэвсгэртээ байрлуухаар болж байгааг Финляндын Батлан хамгаалахын сайд Карл Хаглундын (Carl Haglund) хэлснээс иш татан Helsingin Sanomat сонин мэдээлжээ.
Эдгээр орнууд 2014 оны есдүгээр сарын 4-5-нд Уэльст явагдах саммит дээр НАТО-тай гэрээ байгуулан гарын үсэг зурах гэнэ. Уг гэрээг байгуулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт Төрийн зөвлөлийн хуралдаанаар баталсан байна. Энэ асуудал хэдэн жилийн турш яригдаж иржээ.
Шинэ гэрээний дагуу НАТО-гийн шуурхай зориулалтын хүчин Финлянд, Шведэд байнга байрлах бөгөөд онцгой тохилдлын үеэр нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй шилжин хөдлөх эрхтэй болсон байна. Эдгээр орнууд цэргийн бүлэглэлийг дэмжин хангамжийг нь хариуцах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР