Цэцэрлэгийн асуудал Н.Батбаяр сайдад хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн асуудал Н.Батбаяр сайдад хамаагүй юу?

Арын хаалгагүй л бол хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлнэ гэдэг амаргүй асуудал хэвээр байна. Тиймээс ч бүртгэл эхлэхээс гурав, дөрөв хоногийн өмнө эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, майхан барьж хоноглодог болсон.

Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох яамдын мэдээлэл сонсч, гаргалгаа хайх гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүрэлцэн ирсэнгүй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мөн ирж амжаагүй юм. Тус яам нь дээрх мэдээллийн цагтай давхцаж, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн нь ийн давхцаж таарав.

Харин жилд хэчнээн цэцэрлэг барих талаар бодлогыг нь гаргаж, санхүүжилтийг нь төлөвлөдөг Эдийн засгийн хөгжлийн сайд энэ хуралдаанд оролцож, тайлбар өгөх ёстой байтал ирээгүй нь Сангийн сайд Ч.Улааны эгдүүг ч хүргээд авлаа. Тэрээр “Сайд Н.Батбаяр хаачив. Сангийн яам бол төсөвт суулгасан хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаанд нь шилжүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам бодлогыг нь тодорхойлдог. Гэтэл сайд нь алга, өмнөөсөө газрын даргаа явуулчихаад сууж байхаар яадаг юм” гэж чимхлээ.

Үүнтэй УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал нэг байгаагаа илэрхийлж, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг шийдэж чадахгүй байгаа төр засгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйв. Мөн УИХ хэрэгтэй хуулийн төслийг батлахгүй хэрнээ хэрэггүй хуулийн төслийг баталдаг болоод удаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан мэдүүлсэн байтал хэлэлцэлгүй жил хав дарж цаг алдлаа хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж