Монголын Оюутны Холбоо 2013 онд Төрийн банктай хамтран оюутан залуучуудын хэрэгцээнд тохирсон оюутны смарт картыг зах зээлд гаргаж байсан билээ. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтан тус картыг дахин шинэчлэн илүү боломж, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Тус картаа оюутан залуусдаа танилцуулах хэвлэлийн бага хурлыг наймдугаар сарын 25-ны өдөр буюу энэ даваа гаригт зохион байгуулсан юм.
Хуралд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, бүтээгдэхүүн хөгжил хариуцсан дэд захирал Ж.Болормаа нар оролцож сэтгүүлчдын сонирхсон асуултанд мэдээлэл өгсөн юм. Оюунлаг залуучуудын нэрийн хуудас болсон Смарт карт нь нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих, худалдаа, үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг смарт картаараа авах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн Смарт карттай оюутан нь залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг байгууллагууд болох Тэнгис кино театр, Интер номын дэлгүүр, Hi Fi рекордс дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төвүүд зэрэг газруудаар 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой ажээ.
Монголын оюутны холбооны зүгээс хөнгөлөлттэй үйлчлүүлдэг байгууллагуудынхаа тоог цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр залуучууддаа дуулгалаа. Оюутнууд смарт картаа сургуулийнхаа Оюутны холбоогоороо дамжуулан 6500 төгрөгөөр захиалах боломжтой бөгөөд тус картны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төрийн банкны бүх салбар нэгж, Монголын оюутны холбоо болон тухайн сургуулийнхаа оюутны холбоо, зөвлөл, Төрийн банкны 1800-1881 лавлах утаснаас авах боломжтой юм.