“Гэр цэцэрлэгийг дэмжиж ажиллана”

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

“Гэр цэцэрлэгийг дэмжиж ажиллана”

БШУЯ-аас өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, энэ жил хийх ажлын зорилтоо танилцууллаа.

Өнөөдрийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, БШУЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитийн газрын дарга Л.Лувсанжамц, БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа болон МУИС, ШУТИС, АШУИС, МУБИС болон Ерөнхий боловсролын зарим сургуулийн захирлууд хүрэлцэн ирсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр хэлэхдээ,

-“Бид бүхэн шинэ хичээлийн жилээ угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын өмнөөс та бүхэнд талархал илэрхийлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил үр дүнтэй боллоо. Бид өнөөдөр энэхүү нэг жилийн хугацаанд хийсэн ажлын танилцуулгыг хүргэж байна. Энэ жилээс дахин олон ажлуудыг эхлүүлж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20.0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах юм. Өнгөрсөн онтой харьцуулахад 8,0 мянга орчим хүүхэд нэмэгдсэн хэдий ч 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй байна.

Гэр цэцэрлэгийг дэмжин ажиллана. Шинээр барьж буй хороолол дунд цэцэрлэг заавал байх ёстойг бид анхааралдаа авсан. Бидэнд 300 орчим хувийн цэцэрлэгээс 2500 орчим хүүхдийг авах орны боломж байгааг мэдэгдээд байна. Үүнийг бид сайтар судалж, амжиргааны боломж тааруу айлын хүүхдийг хамруулах бодолтойгоор Байнгын хороонд танилцуулах гэж байна. Дунд сургуулийн хөтөлбөрт олон шинэчлэл хийж байна. 1-5-р ангид зөв Монгол хүн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Улсын хэмжээнд 860 орчим үндэсний сургагч багшийг бэлтгэлээ. Багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх, мэдлэг шалгадаг байсан бол чадвар, чадамжыг илүүтэй нээх болно. Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй авна. Харин дунд ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй, 40 хувь нь түрээсээр, үлдсэн 20 хувь нь худалдаж авах юм. Амьжиргааны түвшин доогуур орлоготой айлын хүүхэд сурах бичгээ үнэ төлбөргүй авах юм. Бүх ЕБС-г интернетэд холбох, лабораторитой болгох, мөн 25000 багшийг (laptop) компьютертэй болгоно. Бүх сургуулийг цахим мэдээллийн системтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Дээд сургуулийн тухайд шинээр элсэж буй оюутан 400-гаас дээш оноо авсан байх ёстой. Ирэх жилээс босго оноог өндөрсгөнө. Энэхүү оноог ирэх арванхоёрдугаар сард зарлах юм. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд 700-с дээш оноо авсан 2000 гаруй хүүхэд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээ авлаа. Дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголын нэг үеийн залуучууд хамтдаа суралцахаар мордлоо. Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудынг сургалт, судалгааны бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдлээ. Сар бүр олгодог 70 мянган төгрөгийн чанарт шаардлага тавьлаа. Үнэлгээ голч 2,0-с бага бол 70 мянгын тэтгэлэгийг авах боломжгүй юм” гэх мэдээллийг онцоллоо.  

Ч.БОЛОР

Боловсрол шинжлэх ухааны яамны албан мэдээллийг хүргэж байна.

БШУЯ-аас 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, тухайн жилд хийх ажлын зорилтыг танилцуулж байна. 2014-2015 оны хичээлийн жилд  үндсэний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой.

1.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8,0 мянга орчим хүүхдээр нэмэгдсэн хэдий ч  10 хүүхэд тутмын 3 нь цэцэрлэггүй байна.

Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдана.

2.2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. 

2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын  40 лаборатори сургуулийн 1680 багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүллээ. Бага боловсролын цөм хөтөлбөрөө батлан, багш нэг бүрт хэвлэн хүргэж, 860 гаруй сургагч багш нар үндэсний хэмжээнд 13310 багш, удирдлагуудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр дараах онцлогтой.

  • Сургалтын хөтөлбөрийн оронд боловсролын хөтөлбөртэй болж,
  • Боловсролын нийтлэг удирдамжийн  оронд ерөнхий чиглэл өгдөг,
  • Мэдлэг шалгахын оронд чадварыг  үнэлдэг болж,
  • Сургахын оронд суралцах,
  • Хичээллэхийн оронд турших,
  • Цээжилж суралцахын оронд бие биедээ нөлөөлөх, олж нээн суралцдаг үйл явц өрнөж байна.

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хүмүүст БШУ-ны Сайдын 01 тоот албан даалгаврыг хүргүүллээ.

  • Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн суралцана.
  • “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 756 сургуулийн 430 000 сурагч 121 төрлийн секц дугуйланд, хамрагдаж байгаа нь нийт  хүүхдийн 90 орчим хувь байна.Энэ хичээлийн жилээс ЕБС-ийн дунд ангийнхан ангийн номын сантай болно.
  • Төрийн өмчийн 220 сургуульд тус бүр 10 сая, 764 цэцэрлэгт тус бүр 2 сая төгрөг олгож багш, суралцагчид өөрсдөө сонгон хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авлаа.
  • Төрийн өмчийн сургуулиудад 128 физикийн лаборатори, 128 химийн лаборатори,  110 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгосон бол удахгүй 100 физик, 100 химийн лаборатори болон бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр бэлтгэж байна.
  • Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан зарлаж, роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиолын төрлүүдээр нийт 61 бүтээл шалгаруулаад байна

3. Сурах бичиг, дүрэмт хувцасны бэлтгэл 100 хувь хангагдсан.

  • Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2148661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн номтус тус хэвлэн нийлүүлж байна.
  • Зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.
  • Өнгөрсөн жилд 497,000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан. 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн.
  • Энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон. Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт улс орон даяар хийгдэж байна.  Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оны үнэтэй адил түвшинд байна.

4.ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан элсэгч их дээд сургуульд элсэн орох эрхтэй боллоо.

Элсэлтийн чанаргы сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан ба босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.

5.Багшийн сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлэгээр суралцдаг боллоо.

Багш бэлтгэдэг төрийн өмчийн Их дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70,100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг мөн хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байна.

 

6.Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт Монгол хүн суралцана.

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Бүртгэл эхлээд 5 хоноход одоогоор материалаа бүрдүүлж өгсөн 270 гаруй залуучууд байна. Бүртгэл 9 сарын 3 хүртэл үргэлжилнэ. Төслийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна.

-Инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ.

-Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн ажилтан бэлтгэгдэнэ.

-Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийгдэж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ.

Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд Уул уурхайн инженер, Механик инженер, Байгаль орчны инженерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй  оюутан дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй ижил түвшний хөтөлбөрт суралцана.

7.Дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголын нэг үеийн залуучууд хамтдаа суралцахаар мордлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн 85 оюутан суралцахаар боллоо.

-Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ авсан.

8.Олон улсын стандарт жишигт нийцсэн сургалт, судалгааны лабораторитой боллоо.

Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдлээ. Тус санхүүжилтээр МУИС-ийн лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин судлалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд биомеханикийн лаборатори, МУБИС-д байгалийн ухааны сургалтын лаборатори, АШУҮИС-ийн дэргэд амьд эсийн дүрслэлийн лаборатори байгуулж дээд боловсролын сургалт, судалгааны орчин эрс сайжирлаа.

9.*Үндэсний тэтгэлэгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгодог боллоо.

  • Сургалтын байгууллагын төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх
  • Сургалтын байгуулага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх
  • Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж дүгнүүлсэн байх
  • Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0, дипломын голч дүнг тус тус харгалзах
  • Сургууль өөрийн нэрэмжит тэтгэлэг оюутандаа олгодог байх

10.Их дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгдөг боллоо.

Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид буюу их дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалт босго оноотой болно.

11.Монгол судлалыг дэмжих сан байгуулан дотоод болон гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна.

Цөм технологийн нийт 40 гаруй төслийг шинээр сонгон шалгаруулж 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Үүнээс анагаах ухааны салбарын 8, байгалийн ухааны салбарын 5, нийгмийн ухааны 5, хөдөө аж ахуйн салбарын 15, техник технологийн салбарын 8 төслийг шинээр хэрэгжүүлээд байна.

Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 1.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байна.

12.Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.

  • 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 213.9  тэрбум төгрөг батлагдсан.
  • Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга
  • Нийслэлийн хөрөнгөөр 31 барилга /16 цогцолбор, 3 сургууль, 12 цэцэрлэг/
  • Концессийн гэрээгээр 82 цэцэрлэг,сургуулийн  барилга. Үүнээс 2014 онд 20 /цогцолбор 10, буулгах 4 сургууль, 3 цэцэрлэг, 3 өргөтгөл/

    
2013 онд улсын хэмжээнд 5415 ор бүхий 60 цэцэрлэг, 21056 суудал бүхий 46 сургууль, 1955 ор бүхий 19 дотуур байр, 22 спорт заалыг барьж ашиглалтад оруулаад байна.

2014 онд хийгдэж буй нийт барилга, угсралтын ажил

2014 онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, 6 спорт заал ашиглалтанд орно.

Барилга засварын ажил

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2014 онд 13,9 тэрбум төгрөгөөр  боловсролын 122 их засварын ажлыг  хэрэгжүүлж байна.  Үүнээс  66 сургууль, 46 цэцэрлэг, 4 дотуур байр, 6 спорт заал, нийт 122 барилгад их засвар хийж байна.

Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Улаанбаатар хотод 2014 онд 39 сургууль, 41 цэцэрлэгийн их засварын ажил  хийгдэж байна.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж