УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороод хамтран өнөөдөр цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл сонслоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч байгаа мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 178 цэцэрлэг, хувийн хэвшлийн 250 цэцэрлэг тус бүр үйл ажиллагаа эрхлэхээр болж, нийт 75579 хүүхэд авахаар бэлтгэл хангажээ. Гэвч 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж чадалгүй үлдсэн байна. Жил бүрийн намар цэцэрлэгийг хүртээмжтэй болгох тухай асуудал хөндөгддөг. Гэвч энэ нь өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй ирсэн нь нэг талдаа хүн амын өсөлттэй холбоотой болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албаны хүн онцолж байна.
Учир нь жил бүр цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа, мөн шинээр цэцэрлэг барьж ашиглалтад оруулдаг. Гэвч эрэлтийг хангаж дийлдэггүй. Төр энэ ачааг дангаар үүрэх боломжгүй тул хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг салбарын төвшинд барьсан. Энэ ч үүднээс өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө 28 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосон бол одоо 45-д зөвшөөрөл олгохоор шинжээчдийн баг ажиллаж буй юм байна.
Түүнчлэн 2013-2016 оны хооронд 70 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнд шаардлагатай санхүүжилтээс 49.7 тэрбум төгрөг нь батлагдсан. Одоогийн байдлаар 3 цэцэрлэг ашиглалтад орсон, 27 цэцэрлэгийн барилгын ажил угсралтын шатанд, 32 цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах тендэр зарлагдсан, нэг цэцэрлэг нь газар чөлөөлөх судалгааны шатанд явж буй ажээ.
Үндсэндээ газар чөлөөлөх асуудлаас болж, цэцэрлэг барих ажил хугацаа алдаж байна гэдгийг нийслэлийн зүгээс өгч байна. Газар чөлөөлсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, айл өрхөд нөхөн төлбөр өгөх ёстой ч тэрхүү зардлыг давхар цэцэрлэг барихтай холбоотойгоор төсөвт суулгаж өгдөггүй гэнэ. Тиймээс энэ ажил удааширдаг, мөн иргэд аж ахуйн нэгж газар чөлөөлөхөд хойрго ханддаг нь ажил хүндрүүлдэг байна.
Судалгаагаар сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн хэмжээнд шинээр 150 хүүхдийн багтаамжтай 374 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ их хэмжээний цэцэрлэгийг барихад хугацаа шаардах тул Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, эрх зүйн орчинг тодорхой болгох, мөн зарим цэцэрлэгийг өргөтгөж, барих боломжтой хэмээн үзжээ. Энэ талаар судалгааг хийсэн байна. Нийт 38 цэцэрлэгийг өргөтгөж барихад 4500 хүүхдийг хүлээн авах боломжтой болох аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүжилт шаардлагатай юм байна.
Г.ДАРЬ