С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар ялагдлаа

-Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, олимпийн хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Х.Цагаанбаатар нар тэмцээнээ өндөрлүүлээ-

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдаж байна.

73 кг-д олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир Японы Шохэй Онод торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. С.Ням-Очир эхний тойрогт хийлж, Канадын Бриандыг юко үнэлгээр ялснаар шөвгийн 32-т шалгараад байсан. Тэрээр дэлхийн аварга, энэ оны бүх Японы аварга Шохэй Онод ялагдсанаар шөвгийн 16-д шалгарч чадсангүй.

 

73 кг-ын жинд өрсөлдсөн Х.Цагаанбаатар ОХУ-ын Муса Могушковтой барилдаж, вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаанд Киргизийн бөх Жанибековийг торгуулиар ялсан ч ОХУ-ын Муса Могушковд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Ийнхүү 73 кг-ын манай хоёр бөх тэмцээнээ дуусгаад байна.

Одоогоор эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа үлдээд байна. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн бөх Камила Минакаваг ялснаар шөвгийн 16-д шалгараад байна. Д.Сумъяа шөвгийн 8-д шалгарах эрхийн төлөө Унгарын Каракастай барилдана. Каракасын хувьд 2009 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж