БНХАУ-ын Наньжин хотноо үргэлжлэн явагдаж буй залуучуудын олимпийн чөлөөт бөхийн төрлүүд өчигдрөөс эхэлсэн. Өнөөдөр охидын 46 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.
“Наньжин-2014” залуучуудын олимпийн наадмын чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ. Тус жингийн аваргын алтан медалийг БНАСАУ-ын Ким Сонян хүртсэн бол Молдав улсын тамирчин Донсила хүрэл медалийг хүртлээ.
46 кг-ын жинд барилдсан Б.Дөлгөөн Болгар, Алжирын бөхчүүдийг ялж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Венесулийн Кастиллог 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар шигшээд барилдаанд БНАСАУ-ын Ким Сонянд 1:3-ийн харьцаагаар дийлдэж, мөнгөн медаль хүртлээ.
“Сингапур-2014” анхдугаар наадмаас чөлөөт бөхийн охидын 60 кг-д Б.Батцэцэг, гимнастикийн тамирчин Г.Эрдэнэболд харайлтын төрөлд, жүдо бөхийн холимог багийн төрөлд О.Дөлгөөн нар хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл энэхүү медалийн буухиаг “Наньжин-2014” наадамд чөлөөт бөхийн Б.Дөлгөөн тасалсангүй. Мөн тэрээр Налайх дүүргээс төрж буй залуучуудын олимпийн хоёр дахь медальтан болж байна.
Спортын мастер Б.Дөлгөөний дасгалжуулагчаар Налайх дүүргийн БТС-ын хорооны багш Д.Мөнхбаяр ажиллаж, хоёр залуучуудын олимпоос медальтан төрүүлсэн анхны дасгалжуулагчаар тодорч байна. Тэрээр залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Б.Батцэцэгийн багш ажээ.
Болормаагийн Дөлгөөн Налайх дүүрэгт 1997 онд төрсөн. Энэ намар IX ангид орно. “Сингапур-2010” залуучуудын анхдугаар наадмаас ОУХМ Б.Батцэцэг алтан медальтай ирж, Налайх дүүргийн хүүхэд, залуучуудтай уулзалт хийжээ. Тэр уулзалтаас Б.Дөлгөөн Д.Мөнхбаяр багшийн удирдлагад чөлөөт бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн байна.
Тэрээр чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт, хошой хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн онд манай оронд зохиогдсон Монгол туургатны хүүхдийн спортын IV наадам, ОХУ-ын Саха улсын Якутск хотноо болсон “Азийн хүүхдүүд” спортын наадмын аваргын хос алтан медальтан. 2012 онд өсвөрийн ДАШТ-д оролцсон. Энэ оны тавдугаар сард Тайланд улсад зохиогдсон чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, “Наньжин-2014” залуучуудын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр тэрээр Наньжиний тэнгэр, эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Ч.БОЛОРЧУЛУУН