Ахмад багш нарыг хөдөөд багшлуулж болно гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Ахмад багш нарыг хөдөөд багшлуулж болно гэв

Ерөнхий боловсролын сургалтыг боловсронгуй болгох зорилгоор 12 жилийн тогтолцоонд шилжүүлснээр зургаан настнууд нэгдүгээр ангид элсэн суралцдаг болсон. Ээжийнхээ өврөөс гараагүй шахам бяцхан жаалууд нэгдүгээр ангид суралцахад эцэг, эхээсээ хол байдаг нь хүндээр тусдаг аж. Хөдөөгийн хүүхдүүд энэхүү бэрхшээлтэй тулдаг. Тиймээс эцэг эхчүүд ээлжилж хүүхдээ харан сумаа бараадах, эс бөгөөс айлд даатгахаас аргагүй аж.

Харин тэтгэвэртээ гарсан ахмад багш нарын хувьд түүнээс гарах арга зам нь орон нутагт ахмад багш нарыг ажиллуулж, зургаан настнуудад хичээл заах боломж байна гэж үзжээ. Энэ талаар Монголын Ахмад багш нарын холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэрвээ үүнийг албан ёсоор зөвшөөрч, дэмжээд өгвөл аль ч аймгийн сум руу зургаан настнуудад хичээл заахаар явахад ахмад багш нар түүртэхгүй аж. Өнөөдрийн байдлаар тэтгэвэртээ гарсан багш сурган хүмүүжүүлэгч нар 30 мянга гаруй юм байна. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилд 756 ерөнхий боловсролын сургууль, 1067 цэцэрлэг, 100 их дээд сургууль, 79 МСҮТ болон 1800 орчим мэргэжил олгох түр курст нэг сая орчим хүүхэд, залуус суралцах юм байна.

Б.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж