&#34Залуу хүн манлайлалд оролцох үүрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

&#34Залуу хүн манлайлалд оролцох үүрэгтэй&#34

Улс төрд шинэ шинэ үеийг гаргаж, “цус” сэлбэх цаг болсон гэх яриа нийгэмд, иргэдийн дунд аль хэдийнэ бий болжээ.  Үүнийг ахмад үеийнхэн мөн олон жил энэ салбарын галыг манаж байгаа улс төрчид ч дэмжиж байгаагаа илэрхийлж эхэллээ. Саяхнаас улс төрийн өнгө аястай ч юм шиг нэгэн реклам цацагдаж эхэлсэн нь яахын аргагүй анхаарал татаж байгаа энэ асуудалд чиглэсэн бололтой. UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн манлайлагч залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. UBS телевизийн болон Төслийн ерөнхий реадактор Б.Сайнбаяртай энэ сэдвээр ярилцлаа. Тэрээр дөнгөж орон нутагт ажиллаад ирсэн байна.

-“Улс төрд шинэ Манлайлагч” төслийн баг орон нутагт ажиллаад ирлээ. Аян замын сониноосоо хуваалцаач?

-Энэ оны долдугаар сарын 21-ний өдөр UBS телевиз “Улс төрд шинэ Манлайлагч” төслийг эхлүүлснээ мэдэгдэж  наймдугаар сарын 8-ны өдрөөс хөдөө орон нутагт ажиллаж эхэлсэн. Төслийн баг бүрэлдэхүүн дөрвөн хэсэгт хуваагдаж, 21 аймагт болон сумдад төслийнхөө талаарх мэдээллийг хүргэлээ. Мөн төслийн талаар мэдээлэл авсан ч оролцох эсэхээ шийдэж чадаагүй залууст төслийн ач холбогдолын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь бидний эхний томилолтын зорилго байлаа. Өнөөдөр л гэхэд баруун болон зүүн зүгийн аймгуудыг хариуцсан баг ажлаа дуусгаад ирж байна. Нэгэнтээ бид алс холын аймаг сумдаа зорин очсон учраас  аль болох олон залуутай уулзахыг хичээлээ. Биднийг  орон нутгийн удирдлагууд болон оршин суугчид нь маш таатай хүлээж авсан. Миний хувьд зургаан аймагт ажиллаж, залуучуудын төлөөлөлтэй 30 гаруй уулзалтыг зохион байгууллаа. 1000 гаруй залуустай нүүр тулж уулзсан шүү. 

-Танай төслийг орон нутгийн залуус хэрхэн хүлээн авч байна вэ?

-Маш таатай хүлээн авч байна. Хамгийн гол нь төслийн үнэ цэнэ юунд байна гэхээр орон нутагт тулгамдсан асуудлыг шинэ санал санаачилгаар хэрхэн шийдэх талаар эсээндээ гаргаж өгөх юм. Хэдийгээр та шилдэг 90 оролцогчийн нэгээр үлдээгүй ч гэсэн таны бичсэн эсээг дээд түвшний удирдлагуудад хүргэнэ. Багийн асуудлыг сумдад, сумынхыг аймаг, магадгүй аймгийн асуудлыг шийдэх шинэ санаа улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахыг үгүйсгэхгүй. Сэтгүүлч хүний хувьд нэг зүйлийг их мэдэрлээ. Залуус орон нутагт ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй болжээ. Гадны болон дотоодын их дээд сургууль төгссөн залуус өөрийн төрж өссөн сумандаа төрийн албанд болон хувийн хэвшилд ажиллаж байгааг харахад таатай байлаа. Гэсэн хэдий ч тэдний төрсөн нутагтаа амьдрах хүсэл эрмэлзэлтэй нь зөрчилдөж байгаа зүйл нь ажлын байрны асуудал гэдэг нь харагдаж байна.  

-Та бүхний ажил цаг үеэ олжээ гэдгийг хэрхэн мэдрэв?

-Залуу хүн аливаад дандаа шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тэд дотроо ямар нэг гарц шийдлийг тээж хайж явдаг. Одоо зүгээр л шүүмжлээд суух биш өөрөө санаагаа гаргаж, гарцаа тодорхойлж гар бие оролцох боломжтой боллоо. Бүрэг ичимхий, нуугдмал авьяастай залуусыг ил гаргаж  чадвар суулгая. Харин дараа нь тухайн хүн аймаг сумаа хөгжүүлэх ажилд гар бие оролцоод явах байх гэсэн зорилго байна. Бүтэн жилийн хугацаанд зохиогдох энэ төслөөс үзэгчид манлайлагч гэж хэн бэ гэсэн ойлголтыг авах ёстой.  Орон нутгаар явж байхад ахмадууд, залуус аль аль нь  өнөөгийн улс төрд шинэ давалгаа, шинэ хүмүүс хэрэгтэй хэмээн ярьж байна. Бид тэр давалгааг бий болгоно гэж амлаж чадахгүй ч төслөөрөө дамжуулж залуусыг уриалж чадна. Хувь нэмрээ оруулна.

-Яагаад насны хязгаар заасан юм бол. 22-40 гэж?

-Насны хязгаар заасанд зарим иргэд бухимдалтай байна. Хөвсгөлд амьдардаг 60 настай ах аялал жуулчлалын шинэ санаа байгаагаа ярьсан. 21 настай оюутнууд сурч буй мэргэжилдээ тулгуурлан орох саналтайгаа ч хэлж байна. Гэхдээ бид нар юу ч бодолгүйгээр 22-40 нас гэж заасангүй. Үүнийг үзэгч, уншигчид маань ойлгох хэрэгтэй. Төсөл бүтэн жил үргэлжлэх учраас 18-21 настай оюутан хичээлээ яах вэ? “Улс төрд шинэ Манлайлагч” гэчихээд 50-аас дээш насныхан байвал хүмүүст хэрхэн харагдах вэ? гэж олон талаас нь бодож үзсэн юм. 

-Улс төрд шинэ манлайлагчийг ийн тодруулна гэдэг манайд анхдагч. Яагаад үүнийг эхлүүлэх болов?

-UBS өөрөө бүхий л зүйл дээр анхдагч болж ямагт шинэ санааг эрэлхийлж, түүнийгээ хэрэгжүүлдэг хамт олон. Ногоон ирээдүй, Universe best songs, To be or not To be, Дэлхийн хот Улаанбаатар зэрэг төсөл нэвтрүүлгүүдийг салбар бүрт нь анхдагч болж хийсэн. “Улс төрд шинэ Манлайлагч” төсөл мөн адил салбартаа анхдагч нэвтрүүлэг. Өнөөдөр манай энэ нийгмийг түүчээлэн улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт бодлого тодорхойлж яваа хүмүүстээ цус сэлбэе гэдэг зорилгоор төслийг гаргаж ирсэн юм.  Төслөөр үзэгчиддээ болон залуучууддаа мэдлэг олгоё гэж зорьсон. Бид энтертайнмент талаасаа бол хийж чадах ч бодлогын хувьд том тулгуур хэрэгтэй тийм учраас IBE хүрээлэн, Liberal house бодлогын судалгааны хүрээлэн, Монгол сан зэрэг байгуулагуудтай хамтарч байна. Мөн Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг залуучуудын 13 байгуулагын удирдлагын түвшинд уулзан ярилцаж хамтран ажиллаж байна. Эдгээр байгуулагууд бидэнд энэхүү төслийг аль нэг нам, улс төрийн талбар битгий болгоорой гэж онцгойлон захисан. Мөн хүмүүсийн дунд олон талын шүүмжлэл байна. Яахаараа нэг телевиз улс төрчийг төрүүлдэг юм, улс төрч бол өөрөө төрдөг гэх мэтээр шүүмжилж байна. Гэхдээ бид энэ төслийг зохион байгуулснаар хэн ч хохирохгүй. Харин ч хожно. Учир нь шилдэг 90 оролцогч жилийн туршид сурч боловсорно, өөртөө итгэх итгэл, харилцаа гээд л их олон үнэт чадвар сууна. Энэ л төслийн маань үнэ цэнэ.

-Нэвтрүүлгийн шагналын сангийн тухайд?

-Бид төслийнхөө шагналыг юмны түрүүнд барьж хүмүүсийг уриалахгүй байгаа. Яагаад заавал дөрвөн үе шаттай шагналыг оролцогчиддоо  амлаж байна вэ? гэвэл цаанаа их бодлоготой. Шилдэг 90-д шалгарсан залуус амьдралынхаа бүтэн жилийг манай нэвтрүүлэгт зориулна. Тэд шилдэгт үлдсэнийхээ төлөө эхний шагналаа авч “Удирдлагын академи”-д манлайллын тусгай хөтөлбөрт сурна. Энэ нь улс төр, нийгэм, эдийн засгийн онолын багцалсан манлайллын тусгай хөтөлбөр байх юм. Манлайллын тусгай хөтөлбөр бол зөвхөн тэр залууст зориулагдана. Дараагийн шатанд үлдсэн залуус АНУ-д манлайллын чиглэлээр нэг сарын хугацаанд хамтдаа суралцана, төслийн даалгавраа гүйцэтгэнэ. Ингэж явсаар шилдэг таван залуу тодорч НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож, мөн сургалтанд сууна. Үндэсний нэг ялагч маань Харвардын их сургуульд манлайллын чиглэлээр суралцана гээд төслийн шагналууд оюуны хөрөнгө оруулалт болохоороо үнэ цэнэтэй.

-Төслийн ерөнхий редакторын хувьд оролцогч залууст хандаж юуг хэлмээр байна?

-Та бид хоёрын ярилцаж буй энэ цаг бол төслийн  нэгдүгээр шатанд залуус бүртгүүлж, эсээгээ бичин  илгээж буй чухал үе. Залуус эхний шатанд орсноор өөрсдийнхөө амьдралд маш чухал зүйлийг эхлүүлэх алхам хийлээ гэсэн үг. Тэгэхээр та шилдэг 90-д багтахын тулд хөндөх асуудлаа маш зөв олж хараарай. Заавал улс орныг өөрчлөхөөр хэмжээнд сэтгэх гээд хэрэггүй. Зүгээр л өөрийн оршин сууж буй газартаа хийж болохоор шинэ зүйлийг харахыг оролдоорой. Энэ нь таны шилдэг 90-д үлдэх боломж байж мэднэ шүү.  Мөн залуу хүн манлайлалд оролцох үүрэгтэй шүү.

-Ярилцсанд баярлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж