Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам барина

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам барина

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улс “Талын зам төсөл”-ийг хэрэгжүүлэх болно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл “Талын зам” төслийн шавыг ирэх есдүгээр сард буюу ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг айлчлан ирсний дараа тавихаар болжээ. Энэ нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон хурдны зам тавих том ажлын эхлэл болох аж.

 

Замын нийт урт 1000 гаруй км үргэлжлэх бөгөөд түүнийг 2-3 жилийн дотор барьж байгуулах ажлыг “Чингис Лэнд Деволопмент групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл хүлээж буй юм байна. Илүү тодруулбал, Монгол Улс 2004 оны дөрөвдүгээр сарын 26-нд НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм эдийн засгийн комиссын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж Азийн хурдны замын сүлжээнд нэгдэн орсон байдаг. Азийн хурдны замын сүлжээ нь Японоос Турк хүртэлх Азийг Европтой холбох 141,000 км урттай авто-замын нэгдсэн сүлжээ юм байна. Үүний AH3, AH32 болон AH4 гэсэн замуудыг Монгол Улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээжээ.                          

Энэхүү Азийн хурдны авто-замын нэгдсэн сүлжээний AH3 буюу “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулахаар өмнөх Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос 2011 оны наймдугаар сард олон улсын нээлттэй тендерийг зарлаж байжээ. Сонгон шалгаруулалтад гадаад дотоодын мэрэгжлийн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудаас бүрдсэн хэд хэдэн консорциум өрсөлдсөнөөс “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл шалгарсан аж. Ингэснээр  2012 оны долдугаар сарын 31-нд Төрийн өмчийн хорооноос концессын гэрээний хэлэлцээг эхлүүлэх эрхээ авчээ.

Улмаар “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл нь Засгийн газрын 99, 399 дүгээр тогтоолуудын дагуу өнгөрсөн гуравдугаар  сарын 16-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто-зам”-ын концессын гэрээг  байгуулсан байна.

Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээнд зааснаар “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд”-ийг холбосон 1000 гаруй км хурдны авто-замыг 2-3 жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, 30 жилийн дараа төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх аж.

Мөн концесс эзэмшигч нь гэрээг үзэглэснээс хойш есөн сарын хугацаанд нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулах, төслийн санхүүжилтийн гэрээг байгуулан эхний ээлжийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулсан байх үүрэг хүлээсэн юм байна. Харин концесс эзэмшигч нь дээрх үүргээ таван сарын дотор биелүүлж, ирэх есдүгээр сарын 9-нд хурдны замынхаа шав тавих ёслолыг хийхээр бэлтгэж эхэлжээ. Үүний өмнө Засгийн газар тус газрыг үүргээ хэрхэн биелүүлснийг мөн дүгнэх юм байна.

 “Чингис Лэнд Девелопмент групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл энэхүү бүтээн байгуулалтын ажлаа зорьсон хугацаандаа дуусгахын тулд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллахаар зорьж байгаа аж. Бүтээн байгуулалтын ажилд ойролцоогоор үндэсний 1000 гаруй, гадаадын 30 орчим аж ахуйн нэгж оролцоно гэсэн урьдчилсан тооцоо байна. Мөн түүнийг дагаад 30 мянгаас 40 мянган байнгын болон түр ажлын байр шинээр бий болох аж. Хурдны шинэ замыг дагаад шинэ хот суурин, тээвэр ложистик, үйлдвэр, үйлчилгээний төвүүд ч баригдах юм байна.

Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангаж, нийгмийн хөгжлийг урагшлуулах томоохон түлхэц өгөх төслийн шав тун удахгүй тавигдах нь.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж