Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо эхэллээ. Тэмцээн энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны хооронд ганцаарчилсан, хос, холимог хос болон өсвөрийн насны ангилалаар явагдана.
Энэ жилийн тэмцээнийг Испаний Рафаэль Надаль, БНХАУ-ын Ли На нарын шилдэг теннисчид бэртлийн улмаас өнжөөд байна. Рафаэль Надаль өнгөрсөн жил “US Open”-нд түрүүлсэн бол Ли На их шөвөгт шалгарч тус тэмцээний оргил амжилтаа үзүүлж байсан.
Америкийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд өчигдрөөс эхэлсэн бөгөөд эрчүүдээс тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, Францын Жо Уильфред Цонга(9), Испаний Томми Робердо(16) нарын зэрэг шилдгүүд дараагийн тойрогт шалгараад байна.
Эмэгтэйчүүдээс тэмцээнд хоёрт эрэмбэтэй тоглож буй Румыны Симона Халеп, Италийн Сара Эррина (13), АНУ-ын Винус Уильямс нарын шилдгүүд дараагийн тойрогт шалгарчээ.
Мөн тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн, 2006 оны аварга ОХУ-ын Мария Шарапова нутгийн теннисчин Мария Кириленкотой эхний тойрогт таарч, 6:4, 6:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар дараагийн тойрогт шалгарлаа.
134 дэх удаагийн Америкийн нээлттэй тэмцээний шагналын сан 38 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд тэмцээн ирэх ням гаригт буюу есдүгээр сарын 8-нд өндөрлөнө.
Ч.БОЛОР