“Буянт-Ухаа”-гийн байрыг бэлэн мөнгөөр худалдана

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа”-гийн байрыг бэлэн мөнгөөр худалдана

"Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь амьдарч байна. Оршин суугчид энэ оны 11 дүгээр сард төвхнөж дуусах төлөвтэй гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга хэллээ. Мөн түүний тайлбарласнаар үлдэгдэл 168 байрыг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгохоор болжээ. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй аж. 

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил нь одоогоор 50 орчим хувьтай юм байна.

Онцлоход, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулна гэх мэдээллийг ТОСК-ийн захирал өглөө.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж