Халх голын тулаанд оролцсон баатрыг дурсахуй

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Халх голын тулаанд оролцсон баатрыг дурсахуй

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин байжээ.-

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож эх орноо алтан амиараа хамгаалсан олон аавын хүүгийн гэгээн түүх хүн бүрийн сэтгэлд мөнхөд орших  учиртай. Олон жил улиран одоход дайны үйл явдлын гэрч цөөрч, үнэнийг тодруулахад улам л бэрхшээлтэй болсоор. Дайнаас бүр хожим наяад оны үед сэтгүүлчдийн эрэл сурвалжлагын явцад өмнө нь төдийлэн сөхөгдөөгүй бодит материалыг олон нийтэд мэдээлж, дайны талбарт баатарлаг гавьяа байгуулсан ч үйл хэрэг нь бүдгэрсэн хэд хэдэн дайчдыг тодруулж, улсын баатар цол хүртэл нэхэн шагнаж байсан түүх бий.

Нэгэн эх оронч, цэрэг эрийн тухай баримт зөвхөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хамгийн нандин өв болон хадгалагдаж байсныг Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойн баярын энэ үеэр Монгол түмэндээ сэргээн хүргэж, бодит үнэнийг товчхон хүргэж байна.

 Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Балжиннямын Лувсанцэрэн. Өнөөдөр түүх өгүүлэх энэ сайхан буурал хан тэнгэрийн орноо заларчээ. Гэсэн ч эх орондоо байгуулсан, бүтээсэн гавьяа   өнөөдөр та бидний дунд амьд мэт дуурсагдах учиртай юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав Б.Лувсанцэрэн гуай 1960-аад оны үед өөрийн намтартаа хэрхэн хаана алба хааж, дайны утаа үнэртэж явсан талаараа товч бичсэнээс сийрүүлье.

/…Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Их-Арал гэдэг газар 1922 оны 6 сард төрсөн гэдэг. Эцэг Балжинням маань цөөн малтай малчин хүн байв. Манайх 14 хүүхэдтэй. Би 7 дахь хүүхэд нь. 11 хүртлээ ээж аав дээрээ бойжоод Бүрэн дунд сургуулийг 1937 онд дүүргэж 2 жилийн дараа эх орны дайны ид ирмүүн үеэр өөрийн сайн дураар цэрэгт явж Улаанхуарангийн холбоо хороонд хуваарилагдсан юм…Түрүүч, ахлагч цол ч хүртлээ. Удалгүй Дорноговийн Сайншанд руу гарч дайны голомт руу марш тактикаар манай хороо явсан…/ гэж Б.Лувсанцэрэн агсан бичжээ. Мөн цааш нь 1945 оны чөлөөлөх дайнд хэрхэн оролцсон тухайгаа ингэж бичжээ. / …1945 оны дайнд 8 –р дивизд холбоо барьж үйлчлэхээр холбооны тусгай төхөөрөмж ачсан 5 машин бүхий салаа цэргийг надад хүлээлгэж өглөө… Тэнд хэд хонож байгаад шөнө хил давж Дуут цагаан нуур, Шилийн голын хийд зэрэг газруудад байрлаж байсан Японы цэргүүдтэй байлдаж би зоо нуруугаараа шархдаж байсан юм. ../ хэмээн тэмдэглэн үлдээсэн байна.  2009 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ахмад дайчин, бэлтгэл хурандаа Г.Пүүжий гэдэг хүн  UBS телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Лувсанцэрэн Халх голын дайнд Хилийн цэргийн заставын отрядыг гарамгай удирдаж, дал мөрөндөө шархдаж байсан” хэмээн дурсаж байжээ.

Ахмад дайчин Б.Лувсанцэрэн агсны Халхын голын дайнд оролцсон үнэмлэх гавьяа шагналууд, түүх өгүүлсэн шагналын үнэмлэхүүдийг  түүний үр хүүхдүүд нь нандин хадгалж авч үлджээ. Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Японыг ялсны төлөө медаль, ОХУ-ын “За победу над Японые” медаль, Жуковын нэрэмжит медаль, Халхын голын “Бид ялав” медаль, Милитрист Японыг ялсны 30 жилийн ойн медаль, 1939, 1945 оны дайнд оролцсон үнэмлэх, Дайнд шархдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1945 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн архивын баримт, Өмнөх нийгмийн үед гэрэл, цахилгаан үйлчилгээний байгууллагуудаар үнэгүй үйлчлүүлэх эрхийн үнэмлэх гээд олон сайхан баримтууд өнөөдөр үр хүүхдүүдийнх нь төдийгүй эх оронч ахмад үеэрээ бахархах  үнэт өв мөн билээ. 1939 онд болсон Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ 34 нь энх тунх амьдарч байгаа. Тэдний хамгийн отгон нь 95 настай. Ингээд бодохоор улам бүр цөөрч байгаа ахмад дайчдаа төр ивээлдээ авч, төрийн хайраа үзүүлэх ёстой. Тэнгэрийн оронд одсон эрэлхэг дайчдынхаа баатарлаг түүхийг ч эргэн дурсаж, мөнхжүүлж байх хэрэгтэй санагдана.

Д.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж