Нэг км метро барихад 45-100 сая ам.доллар шаардагдана

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Нэг км метро барихад 45-100 сая ам.доллар шаардагдана

Азийн хөгжлийн банкныхан Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжлийг тодорхойлохоор боловсруулсан төслөө НИТХ-ын даргад өнөөдөр танилцууллаа. Тус банкнаас Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар 10-аад жил судалгаа хийсний эцэст тусгай замын автобусыг нэвтрүүлэх төслийг боловсруулан санал болгож байгаа юм. Тусгай замын автобус нь метро, хөнгөн төмөр замын тээврийг бодвол хамгийн өртөг багатайн дээр богино хугацаанд нэвтрүүлэх боломжтой. Нэг км метро барихад 45-100 сая ам.доллар шаардагдахаас гадна, метроны нэг шугам барихад доод тал нь 10 жил зарцуулдаг байна. Харин тусгай замын автобусны нэг шугамыг ердөө 1,8 жилийн дотор барьж байгуулах боломжтой, дуу чимээ багатай, багтаамж ихтэй байдаг бөгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх гол гарц гэж АХБ-ныхан тодорхойлоод байгаа юм. 

Гурван үе шаттай хэрэгжүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлэхэд АХБ 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаас гадна, Германы санхүүгийн байгууллага болон Европын Сэргээн босголтын банк ч санхүүжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн хэмээн АХБ-ныхан Хурлын даргад танилцуулсан байна. Сая гаруй хүн амтай хотын хувьд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар багагүй ажил зохиож байгаагаас гадна энэ талаар олон хувилбар, саналууд гарч байгаа. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжлийг тодорхойлсон энэхүү төслийг НИТХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх саналтай байгаагаа НИТХ-ын дарга хэллээ” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж