Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд одоогоор эдгээр жинд хүч үзэж буй манай дөрвөн тамирчнаас хоёр нь барилдаад байна.
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөж буй Г.Отгонцэцэг ОХУ-ын тамирчин Долгова Иринатай барилдаж, нэмэлт цагийн 1:37 секундэд вазари үнэлгээ авснаар эхний ялалтаа авлаа. Г.Отгонцэцэг дараагийн тойрогт Кубын тамирчин Местре Альварез Даяаристай барилдана. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд барилдсан Монголын жүдоч Г.Болдбаатар эхний барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг 3:14 секундэд цэвэр яллаа. Манай бөх одоо Хятадын тамирчин Цай Мин Ентэй дараагийн тойрогт барилдана.
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалт Д.Амартүвшин өнөөдөр эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийлээ. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт 1, 1 юко үнэлгээ, адилхан 3, 3 торгуультай дуусч, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар Францын бөхөд харамсалтайгаар ялагдлаа.
Б.БАЯР