“Хувьсал” продакшн өөрсдийн анхны дэлгэцийн уран бүтээлээрээ кино сонирхогчдын дунд багагүй шуугиан тариад амжсан билээ. Тэдний уран бүтээл одоог хүртэл хамгийн удаан кино театруудаар цацагдсан, хамгийн өндөр орлоготой бүтээлийн жагсаалтын тэргүүнд байсаар байгаа. Тэгвэл “Хувьсал”-ын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” бүтээл кино сонирхогчдын дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа аж.
“Зүрхээр наадагч” бүтээлийн зохиолыг Соёлын тэргүүний ажилтан “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг бичиж, өөрөө тус бүтээлийнхээ гол дүрд тогложээ. Хэдийгээр түүнийг найз залуугаасаа салсан, нийлсэн гэх шуугиан гарсаар байгаа ч ээж болоод удаагүй байгаа жүжигчин А.Ганчимэгийн хувьд бодит амьдралаас тулгуурлан тус бүтээлээ бичсэн гэх ч магадлалыг түүнийг дэмжигчид дэвшүүлээд байгаа гэнэ.
Дашрамд сонирхуулахад “Зүрхээр наадагч” бүтээл нь тун удахгүй буюу есдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм байна.
Э.ТЭКҮ