Б.Билэгтийг огцруулах шалтгаан

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Б.Билэгтийг огцруулах шалтгаан

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь огцруулсаар даруй арав хоногийн хугацаа өнгөрөв. Одоо түүний ажлыг тус газрын тэргүүн дэд дарга С.Баатаржав орлон гүйцэтгэж буй. Шинээр томилогдох даргыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилох ёстой ч одоо хэр нь сураг ажиг алга.
 
“Сонин дээрээ соохолзох” гэгчээр асуудлын шинэ дээр хэвлэлийнхэн болоод сайн дурынхны зүгээс өөрсдийн таавар, таамгийг хэсэгтээ уралдуулсан ч өнгөрсөн долоо хоногт болсон өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлалын сүрд дарагдаад өнгөрөв бололтой. Магадгүй энэ долоо хоногоос шинэ томилгооны асуудал дахин сөхөгдөж, улстөрчдийн гол хэрүүл, маргаан мэтгэлцээний голомт болох биз.
 
 
ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Б.Билэгтийг огцруулах асуудал бүр оны эхнээс яригдаж байжээ. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны шинэ хууль хэрэгжиж хэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилуулах тухай саналаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр анх хүргүүлсэн байна.
 
Ингэхдээ 1993 онд баталсан Цагдаагийн байгууллагын тухай хууль хүчингүй болж, шинэ хууль мөрдөх болсноор Б.Билэгтийг Засгийн газрын тохируулагч агентлаг-ЦЕГ-ын даргаар томилсон Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 3-ны тогтоолын эрх зүйн үндэслэл хүчингүй болсныг дурдсан байна. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр огцруулах саналыг хоёр дахь удаагаа Ч.Сайханбилэг даргад хүргүүлжээ. Харин энэ хоёр албан тоот Ч.Сайханбилэг даргад хүрэхээс өмнө буюу нэгдүгээр сард Хууль зүйн сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим томилгоог хийж, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Баатаржав, дэд дарга Ж.Ганбаатар нарыг шинээр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн томилсон байна. Харин Б.Билэгт дарга уг томилгооноос сугарч үлдсэн шалтгаан юу байв?
 
Эрүү шүүлтийн сандал ба Б.Билэгтийн суудал
 
Олон нийтийн чихэнд хүрсэн хамгийн тодорхой зүйл гэвэл генерал Д.Сандаг-Очирын үед БНХАУ-д захиалж хийлгэсэн эрүүдэн шүүлтийн сандлуудыг ЦЕГ-ын шинэ дарга Б.Билэгт тушаал гаргаж, төв, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилсан явдал. Харамсалтай нь, 2012 оны арваннэгдүгээр сард гаргасан ЦЕГ-ын даргын энэ шийдвэрийн тухай өнгөрсөн оны зургадугаар сард Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нэр дээр албан тоот ирүүлснээр олон нийтэд ил болсон юм. Сайд нь үүний дараа эрүү шүүлтийн сандлуудыг эргүүлэн татах үүргийг ЦЕГ-ын даргад өгсөн боловч хачирхалтай нь Б.Билэгт эрүү шүүлтийн сандлуудыг хэрэглэх журмыг батлуулахаар улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргасан байдаг. Магадгүй энэ үеэс Хууль зүйн сайд болоод ЦЕГ-ын даргын харилцаанд зөрчил үүссэн биз.
 
Уг нь манай улс одоогоос 14 жилийн өмнө буюу 2000 оны арваннэгдүгээр сард “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцид нэгдэж орсон. Гэтэл хүний эрх, хүнлэг байдал, шударга ёс, хуулийн засаглалын тухай хамгийн их ярьдаг Ардчилсан нам, тус намаас томилогдсон Хууль зүйн сайдын өнгөн дээр цагдаагийнхан өмнө нь далд хэлбэрээр хэрэглэдэг байсан эрүү шүүлтээ ил тод болгон журамлахаар зориглосон нь салбар хариуцсан сайдын хувьд нүүр улайх явдал мөнөөсөө мөн. Харин энэ явдал ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдод хариуцлага тооцогдсоноор дууссан билээ. Учир нь ерөнхий газрын даргыг Хууль зүйн сайд бус, харин Засгийн газар томилж, бас чөлөөлдөг.
 
“О.Баасанхүү ажиллагаа” буюу хурандаа нарын хэрэг
 
Гэвч эрүүдэн шүүх сандлаас болж ажлаасаа халагдсан Ш.Ганболдыг ЦЕГ-ын дарга Б.Билэгт өөрийн зөвлөхөөрөө авч ажиллуулсан байдаг. Үүний дараачаас буюу 2013 оны наймдугаар сараас Хууль зүйн сайдын эсрэг чиглэсэн гүйцэтгэх ажлыг цагдаагийн зарим албан тушаалтнуудын зүгээс явуулж, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь талаар мэдээлэл цуглуулах ажиллагаа нууц байдалд хийгдэж эхэлсэн юм. Арванхоёрдугаар сар гэхэд Х.Тэмүүжин сайд өөрийн найз н.Сэргэлэнгийн “Смарт солюшн” компанид хууль бусаар тендер өгсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, энэ тендер Хууль зүйн яамтай хамааралгүй зарлагдсан болох нь тогтоогдсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч бас хамаатуулж үзсэн билээ. Харин үүнээс хойших үйл явц бүхэлдээ олон нийтийн нүдэн дээр ил өрнөсөн гэж болно.
 
Хууль зүйн сайд энэ салбарт хийгдэж буй шинэчлэлд дургүйцсэн зарим нэг эрх мэдэлтнүүд өөрсдийн албан тушаал, нэр нөлөөг ашиглан үйл явцыг эсэргүүцэх, шинэчлэлийг барьцаалах оролдлогууд гарч байгаа тухай ярьсан ярилцлагынхаа үеэр өөр дээр нь гүйцэтгэх ажил явуулсан тухай үгийн үзүүрт хальт дурдаад өнгөрсөн нь бий. Хууль зүйн сайдын ярилцлага хэвлэлд  нийтлэгдсэнээс ердөө тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 24-нөөс эхлэн “Монголын үнэн” сонин болон өдөр тутмын зарим сонин, сайтуудаар “Хар тамхины хэрэг хаашаа хөтлөв” гэсэн гарчиг бүхий захиалгат нийтлэлүүд хөвөрч эхэлсний ард ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба буюу хуучнаар УМБГ, ЭЦГ-ын удирдлагууд байв. Тэд хэвлэл мэдээлийнхэн дундах өөрсдийн хуучин сүлжээгээ ашиглан дээрх мэдээллийг тарааж, “Хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлэх явцад уг хэрэгт холбогдогчдын нэг нь Хууль зүйн сайд руу маш олон удаа утасны дуудлага хийж, мессеж бичсэн байна” хэмээн албаны эх сурвалжтайгаар мэдээлсэн билээ. Мэдээж араас нь О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн тухай ээлжит мэдэгдлээ хийв.
 
Гэвч салбарынхаа сайдыг хар тамхины зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоно гэдэг цагдаагийнханд арай л “ахадсан” шоглоом, нотлох боломжгүй зүйл байсан учраас уг зохиолдоо “нялх амрагийн” хэмээх дараачийн бүлгийг нэмж оруулсан билээ. Энэ хооронд О.Баасанхүү гишүүний боловсруулсан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах санал УИХ дээр хэлэлцэгдэж, ЦЕГ-ын дарга Б.Билэгт “Маш нууц” гэсэн дардастай нэгэн материалыг УИХ-д хүргүүлж, гишүүдэд уншиж танилцуулсан нь Х.Тэмүүжин сайд хар тамхины хэрэгтнүүдтэй холбоотой, тэдний дундаас нэг эмэгтэй нь сайдтай эр эмийн холбоотой болох тухай хоёр сарын өмнө цагдаагийнхны өөрсдийнх нь хэвлэлээр тараасан хов живийн шинжтэй мэдээллүүд байсан юм.
 
Нэг хүний хувь заяа, нийтийн эрх ашиг
 
Сайдаа унагах гэсэн "Хар тамхи-Баасанхүү" гэх ажиллагаа бүтэн таван сар үргэлжилж, тавдугаар сарын 15-нд О.Баасанхүү гишүүн огцруулах саналаа татаж авсанаар өндөрлөсөн ч асуудал бүрэн мухарлагдаагүй хэвээр байна. Тэмүүжинг сайдаас нь унагаж байж би ЦЕГ-ын даргаараа үлдэнэ, бид цагдаагийн удирдлагад ажиллах болно гэсэн бодолтой нэг генерал, таван хурандаагын "сандал ширээнд" дурласан адын шуналын золиосонд хамгийн их хохирсон хүн нь Х.Тэмүүжин биш, ердөө 19-хөн настай Г.Сарангэрэл охин болж байна. Яг үнэндээ түүнийг хар тамхичин байсан гэдгийг би хувьдаа хэлж мэдэхгүй. Хэдийгээр тэр одоо энэ хэргээр шүүхээс ял аваад эдэлж байгаа ч улс төр, цагдаа, бизнесийн бүлэглэл холилдсон “хаврын олон ангит сериал"-ын дараа “Г.Сарангэрэл үнэхээр хар тамхины хэрэгт холбоотой юу, эсвэл бас л цагдаагийнхны зохион байгуулсан хэрэг үү?” гэдэгт олон хүн эргэлзэж эхэлсэн билээ. Ялангуяа түүний 2-р суваг телевизэд өгсөн Хууль зүйн сайдтай хувийн харилцаатай талаарх ярилцлагыг ЭЦГ-ын дарга нар өөрсдөө зохион байгуулж, мөнгө төлсөн талаарх баримт, утасны яриаг өмгөөлөгч нар нь дэлгэсний дараа.
 
Хүн л юм чинь алдаж, ононо. Буруу хазгай гишгээд бусдын эрхэнд орсон 19-тэй охин цагдаагийн “сайн ах” нарын урамшуулал болгож өгсөн таван сая төгрөгний төлөө, эсвэл “хэргийг чинь хөнгөлж өгнө” гэсэн амлалтанд хууртаад “Би тэр хүнтэй унтсан” гэж хэлснийг ойлгож болно. Харин хуучин эрх мэдэл, албан тушаалын дур зоргоо хадгалж үлдэхийн төлөөнөө хүний нялх хүүхдийг өшөө авалт, улс төрийн бохир тоглоомдоо ашиглаж байгаа цагдаагийн дарга нарыг яагаад ч зөвтгөх аргагүй. Хуультай юм хуулиараа явах биз. Тэгээд ч өнгөрсөн долоон сар гаруйн хугацаанд өрнөсөн энэ үйл явц өөрөө цагдаад шинэчлэл хэрэгтэй гэдгийг хамгийн тод томруунаар харууллаа. Санаандгүй юм гэж байдаггүй. Санаатай олон үйлдлийн үр дагавар өнөөдөр ингэж ил гарч, идээ бээр нь гадагшилж байх шиг. Одоо дөнгөж эхлэлийн төдийд явж байгаа хуулийн байгууллагын шинэчлэлийг хугацаа алдалгүй үргэлжлүүлэхгүй бол маргааш гэхэд маш олон Сарангэрэлүүд хуулийн нэр барьсан хулгайчдын хөл дор нэр төрөө, амьдралаа гишгэчүүлэхэд ойрхон байна гэсэн үг. Өнөөдөр хүний хүүхдэд тохиолдож байгаа муу муухай маргааш бидний хүүхэдтэй тулгарахгүй гэх баталгаа хаана байгаа юм бэ. Цагдаа гэдэг чинь зөвхөн гэмт хэрэгтэнд л халгаатай “амьтад” биш шүү дээ. Бүхэл бүтэн гурван сая хүний амь нас, аюулгүй байдал, амар тайван амьдрах эсэх нь энэ байгууллага иргэндээ хэрхэн үйлчилдэг, хууль ёсоо хэр сахидаг, албан хаагчид нь шулуун шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай байх эсэхээс шалтгаална.
 
Жич:
 
Засгийн газрын тохируулагч агентлаг-Цагдаагийн ерөнхий газрын дарга Баянмөнхийн Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2014 оны наймдугаар сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлж, мөн өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Огцруулах үндэслэлд,
 
1993 оны Цагдаагийн албаны тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор ЦЕГ-ын даргыг томилсон Засгийн газрын 2012 оны 22 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэл дуусгавар болсон,
 
Уг албан тушаалд томилогдоход хуулийн дагуу Засгийн газраас үүрэг болгосон хууль сахиулах байгууллагын үйлчилгээг иргэнд ойр, ил тод болгох, үйл ажиллагааны олон нийтэд түшиглэсэн эрх зүйн шинэтгэлийг тууштай дэмжин ажиллах, цагдаагийн байгууллага, түүний албан хаагчдыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус нөлөөллөөс ангид байлгах зорилтыг хэрэгжүүлж ажиллаагүй,
 
Цагдаагийн байгууллагын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны нэр бүхий албан хаагчдаас албаны нэрээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа хийж байгаа зэрэг гурван зүйлийг үндэслэл болгосон байна.
 
Б.СЭМҮҮН

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж