Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Сургалт болж байна

Одоогоос дөрвөн жилийн өмнө НҮБ-ын 61 дүгээр Ерөнхий ассамблейгаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний Нэмэлт протоколыг баталсан юм. Харин Монгол Улс Их хурлаараа 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд уг конвенцийг, нэмэлт протоколын хамт соёрхон баталж, НҮБ-ын гишүүн орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ нэрийн өмнөөс дэлхийн тавцанд үүрэг, хариуцлага хүлээсэн 56 дахь орон болсон билээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахыг эрхэм зорилгоо болгосон хөтөлбөр бол Италийн засгийн газрын бус АИФО байгууллага,  Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлдэг “Тэгш дүүрэн” хөтөлбөр. Энэ эрхэм зорилгынхоо дагуу төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Конвенцид нэг чухал үзэл баримтлал бий. Энэ юу юм бэ гэхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах явдал юм. Үүний дагуу чадавхижуулах сургалтыг гурав дахь удаагаа хийж байна. НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг батлуулах, баталсан хойно нь хэрэгжүүлэх явцын талаар чадавхижуулах сургалт өнөөдөр Италийн засгийн газрын бус АИФО байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар эхэллээ. Сургалтын гол зорилго бол энд оролцож байгаа байгууллагуудын чадавхийг л бэхжүүлэх асуудал билээ. Сургалт хоёр өдөр үргэлжилж, үүнд 23 төрийн бус байгууллагынхан хамрагдана.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Италийн засгийн газрын бус АИФО байгууллага, Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага /DPI/ хамтран чадавхижуулах үйл ажиллагаа, сургалтыг гурван жил дараалан явуулж байгаа юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагыг гол холбож өгч, гүүр нь болж байгаа газар – Италийн засгийн газрын бус АИФО байгууллага. Тус холбогч байгуууллагын урилгаар Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагын Европыг хариуцсан тэргүүн, Дэлхийн зөвлөлийн гишүүн, ноён Жиампьеро Гриффо иржээ. Ноён Жиампьеро Гриффо бол  манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынханд ихээхэн зүйл сургаж, зөвлөж, хамтарч ажиллаж байгаа хүн юм.

    Энэ удаагийн чадавхижуулах сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Батцэцэг, ноён Жиампьеро Гриффо нар голлон явуулна. Мөн Италийн засгийн газрын бус АИФО байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан хоёр өдрийн сургалтыг удирдана. Хоёр өдрийн сургалтын хөтөлбөрт орсон төлөвлөлтийн дагуу ноён Жиампьеро Гриффо тус төлөөлөгчийн газрынхныг оролцож зохион байгуулахыг хүссэн байна. Ийм учраас тус гурван байгууллага чадавхижуулах сургалтыг хамтран хийж байгаа ажээ. Энэхүү хоёр өдрийн сургалтыг Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад зориулан хийж байгаа юм.

    Сургалтаар гол яригдах зүйл нь нэг жилийн өмнө хийсэн сургалтаас хойш төрийн бус байгууллагынхан юу хийсэн бэ гэдэг дээр мэдээлэл солилцоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхэд бие даасан үйл ажиллагаа явуулдаг механизмыг төрийн байгууллагатай хэрхэн хамтарч, Засгийн газрын бүтцэд яаж оруулах вэ гэдэг талаар ярилцана. Бас сэргээн засах үйл ажиллагаа, бэрхшээлтэйгээ цуг хэрхэн яаж амьдрах вэ гэдэг сонирхолтой сэдвээр хичээл орно. Нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд удахгүй Монгол Улсын ЭМЯ, Италийн Засгийн газрын бус АИФО байгууллага хамтран Сэргээн засалтын Үндэсний стратеги бодлогыг боловсруулан гаргах гэж байна.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж