Чадавхижуулах сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Чадавхижуулах сургалт болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой Италийн засгийн газрын бус АИФО байгууллага, Монгол Улсын ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлдэг “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах гурав дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байна. НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг батлуулах, баталсан хойно нь хэрэгжүүлэх явцын талаар чадавхижуулах сургалт өнөөдөр Италийн засгийн газрын бус АИФО байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад 23 төрийн бус байгууллага хамрагдаж байгаа аж.

Урилгаар Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагын Европыг хариуцсан тэргүүн, Дэлхийн зөвлөлийн гишүүн, ноён Жиампьеро Гриффо ирсэн байна . Энэ удаагийн чадавхижуулах сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын референт Б.Батцэцэг, ноён Жиампьеро Гриффо нар голлон явуулж байна.

Сургалтаар өмнөх жилийн сургалтаас хойш төрийн бус байгууллагуудын хийсэн ажлыг дүгнэх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхэд бие даасан үйл ажиллагаа явуулдаг механизмыг төрийн байгууллагатай хэрхэн хамтарч, Засгийн газрын бүтцэд яаж оруулах вэ гэдэг талаар ярилцана. Мөн Монгол Улсын ЭМЯ, Италийн засгийн газрын бус АИФО байгууллага хамтран Сэргээн засалтын Үндэсний стратеги бодлогыг боловсруулан гаргах  талаар ярилцах аж.

Дашрамд дуулгахад, одоогоос дөрвөн жилийн өмнө НҮБ-ын 61 дүгээр Ерөнхий ассамблейгаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний Нэмэлт протоколыг баталсан юм. Харин манай улс 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд Их хурлаараа уг конвенцийг, нэмэлт протоколын хамт соёрхон баталж, НҮБ-ын гишүүн орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ нэрийн өмнөөс дэлхийн тавцанд үүрэг, хариуцлага хүлээсэн 56 дахь орон болсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж