Бичиг үсгийн соёлоор амьсгалсан “Тэнгэр, Нар, Түншлэл”

Хуучирсан мэдээ: 2014.08.24-нд нийтлэгдсэн

Бичиг үсгийн соёлоор амьсгалсан “Тэнгэр, Нар, Түншлэл”

Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн наймдугаар сарын 20-23-ны өдрүүдэд “Blue Moon” арт галерейд дэлгэгдлээ.

Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн долоон жилийн өмнө Улаанбаатар, Токиод анх удаа гаргаж байсан. Харин энэ удаагийн үзэсгэлэн урьдахаас илүү өргөн цар хүрээтэй болсныг оролцогчид онцлон тэмдэглэж байв.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Одонтуяа, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Хүрэлбаатар, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дамбадаржаа, Ж.Чойнхор, Ч.Удвал, ахмад дипломатич, орчуулагч С.Дэмбэрэл, Монгол Улсын Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Б.Баабар, зураач С.Цогтбаяр, гэрэл зурагчин С.Цацралт зэрэг төр нийгэм урлаг соёлын төлөөлөгчид оролцов. Мөн нээлтийн ёслолд “Домог” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар нар ая дууны түрлэг өргөлөө.

 

Мөн үзэсгэлэнгийн нээлтэд Японы Либериал ардчилсан нам дахь Япон Монголын найрамдалын бүлгийн дарга Хаяаши Мотоо, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Никай Тошихиро, Японы парламентын Япон-Монголын парламентын бүлгэмийн төлөөлөгчид, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори болон нийгэм соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчид оролцов. 

Тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний ээж Абэ Ёоко, Японы Ерөнхий сайд байсан 4 эрхэм болох 80 дахь Ерөнхий сайд Хата Цүтомү, 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юүкио, 76, 77 дахь Ерөнхий сайд Кайфү Тошики, 92 дахь Ерөнхий сайд Асо Таро болон ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Монгол, Япон Парламентын бүлгэмийн дарга Д.Эрдэнэбат, Японы Гадаад Хэргийн сайд Кишида Фумо, Японы Либериал ардчилсан нам дахь Япон Монголын найрамдалын бүлгийн дарга Хаяаши Мотоо, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Никай Тошихиро нарын зэрэг хоёр орны төр нийгмийн томоохон зүтгэлтэнүүдийн бүтээл дэлгэгджээ.

Мөн үзэсгэлэнд Д.Баттөмөр “Шамбал”, “Манан”, “Бороо”, “Диваажин”, Т.Жамьянсүрэн “Сайхан төрийн төлөө”, “Айвал бүү хий, хийвэл бүү ай”, Л.Түвшинжаргал “Далай”, “Наран”, “Үүл”, Д.Батбаяр “Аз жаргралын ерөөл”, “Гурван хайку”, “Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч”, Д.Ганбатар “Тэнгэр, газар, хүмүүн”, Л.Амарсанаа “Шинэ цас”, Д.Хишигсүрэн “Чулуу”, Ц.Тамир “Тэмүжин”, “Үлэмжийн чанар”, Б.Алтантуяа “Сүлд”, “Мөчир”, О.Ням-Очир “Эв санаа”, “Тэмцэл” болон нэрт нийтлэлч Б.Баабар “Намар”, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Үүл”, “Аялгуу” зэрэг Монголын уран бүтээлчдийн дөч шахам бүтээлүүд, Японы каллиграфийн мастер Икеда Сакура, Яахаги Шункэй, Тэшима Тайроку, Такаги Сэйү, Шимизү Тоосэки болон Дайдо каллиграфийн сургуулийн багш Моримото Кэйшоо нарын зэрэг дөч гаруй нийт 80 гаруй бүтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, манай ард түмнүүдийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, үгүүлбэр, яруу найргийн мөрүүдээс цогцолжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын каллиграфич Л.Түвшинжаргал, Д.Ганбаатар нар “Тэнгэр”, “Нар”, нэрт нийтлэлч Б.Баабар “Бүрдэн” хэмээх үгийг бичиж ирсэн зочид болоод хурсан үзэгчдэд сонирхуулсан бол Японы каллиграфийн нэрт мастер, хатагтай Яахаги Шүнкэй “Нар”, “Сакура” хэмээх хоёр үгийг урнаар татаж үзүүлэв. Өдгөө 86 настай энэ хатагтай Япондоо төдийгүй Франц, Энэтхэг, Америк зэрэг оронд үзэсгэлэнгээ толилуулж байжээ. АНУ-ын Харвардын их сургуулийн Дорно дахины дүрслэх урлагийн түүхийн тэнхимд зочин профессороор гурван жил ажиллаж байсан тэрээр Монголын уран бүтээлчдийн бичиж буйг ихэд шимтэн сонирхож байсан юм.

Хоёр орны найрамдал, соёлын харилцааны 40 жилийн бэлгэ тэмдэг болж буй энэхүү үзэсгэлэнг Монголын Орчин үеийн Каллиграфчдын холбоо, Японы Парламентын Япон Монголын парламентын бүлгэм хамтран зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Соёл Яруу Найргийн Академи зэрэг байгууллагууд дэмжин оролцлоо. “Тэнгэр, нар, түншлэл” хэмээх энэхүү үзэсгэлэн ирэх 11-р сард Япон улсад гарах юм.  

Ч.БОЛОР

Нэрт нийтлэлч Б.Баабар “Бүрдэн” хэмээх үгийг бичлээ. 2014.08.20.

 

Монголын каллиграфич Л.Түвшинжаргал “Тэнгэр” гэсэн үгийг бичиж буй нь. 2014.08.20.

Японы каллиграфийн нэрт мастер, хатагтай Яахаги Шүнкэй “Нар”, “Сакура” хэмээх хоёр үгийг урнаар татаж үзүүлэв.  Өдгөө 86 настай энэ хатагтай Япондоо төдийгүй Франц, Энэтхэг, Америк зэрэг оронд үзэсгэлэнгээ толилуулж байжээ.

 

Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж Абэ Ёокогийн бүтээл.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж