Өнгөрсөн долоо хоногт нээлтийн тоглолтоо “Кристал Палас”-тай хийж, эцсийн мөчид Рэмзигийн оруулсан гоолоор хожсон “Арсенал” клуб хоёрдугаар тойрогт “Эвертон” клубын талбайд зочилж тоглолоо.
Нээлтийн тоглолтод “Лестер”-тэй 2:2-оор тэнцсэн “Мерсисайдын цэнхэрүүд” энэ удаад ч гэсэн “Арсенал” клубтэй 2:2-оор тэнцлээ.
Тоглолтын 19 дэх минутад Коулмэн гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Улмаар 45 дахь минутад Нейсмит гоолдож, тэргүүллээ улам баталгаажуулав. Харин “Их буучид” удтал тэмцсэний эцэст 83 дахь минутад Рэмзи гоолдож, тооны харьцааг ойртуулсан.
Харин 90 дэх миунтад Монраелийн өгсөн хөндлөн дамжуулалтыг Жиру мөргөж, эцсийн мөчид багтаа тэнцээ авчирсан юм.
“Арсенал”-аас Аарон Рэмзи эхний хоёр тоглолтод хоёр гоол оруулснаар “Челси”-гийн Коста, “Эвертон”-ын Нейсмит, “Вест Бромович”-ийн Брахино нарын хамтаар мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn