Ихэнх гол, мөрний усны түвшин буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.08.24-нд нийтлэгдсэн

Ихэнх гол, мөрний усны түвшин буурчээ

-Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна. –

 

 

Гол, мөрний усны горимын тойм:

2014 оны наймдугаар сарын хоёрдугаар арав хоног

 

1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд голын усны түвшин наймдугаар сарын хоёрдугаар арав хоногт ерөнхийдөө хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см ахиу байлаа.

Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир, Хойттамир зэрэг голууд өмнөх арав хоногт түвшний хэлбэлзэл багатай хугацааны дундуур буурсан хандлагатай байна.

Хангайн арын Идэр голын дунд болон Хануй, Суман голын арав хоногийн дундаж түвшин 2013 оны мөн үеийнхээс 10-30 см их , бусад голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см бага түвшинд байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр зэрэг голууд энэ арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдээд хугацааны сүүл рүү аажим буурсан явцтай байна. Хүдэр, Ерөө, Санзай, Сэлбэ, Сөгнөгөр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2013 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-10 см их харин Туул, Хараа, Тэрэлж зэрэг голууд 10-30 см бага түвшинд байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш аажим буурсан ба хоногийн түвшний өөрчлөлт 5-10 см байлаа. Сэлэнгэ мөрний дагуух усны түвшин арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үеэс 20-50 см бага харин Орхон голын дагуу 10-50 см их түвшинд байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан бол Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчмоор хугацааны эхээр үерийн түвшинг 5-10 см даван үерийн байдалд шилжсэн байна. Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшинхугацааны турш буурсан хэдий ч Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр харин Улз голын усны түвшин хугацааны турш буурч түвшний өөрчлөлт багатай байлаа.

Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж утга өмнөх 2013 оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 20-90 см их байв.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруунаас эх авсан Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голууд өмнөх арав хоногийн турш аажим буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 60-120 см бага харин ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд орчимд олон жилийн дунджаас 10-20 см ахиу түвшинд байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Байдраг, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан хандлагатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Завхан, Түй, Шаргалжуут, Онги, Таац голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10-50 см их, олон жилийн дунджаас 20-50 см бага байв.

Увс нуурын сав газрын Чигж, Түргэн, Баруунтуруун, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш түвшний хэлбэлзэл багатай ба арав хоногийн дундаж утгаараа эдгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см бага харин Хархираа голын хувьд 5-10 см их байна.

Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна гэж УЦУОХ, Ус судлалын сектороос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж