Гэрэл зургийн үзэсгэлэн, бэсрэг наадам үзэж сонирхов

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн үзэсгэлэн, бэсрэг наадам үзэж сонирхов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр үдээс хойш “Туушин” зочид буудлын хурлын танхимд зочилж “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцлоо.

Үүний дараа эрхэм зочид “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов. Бэсрэг наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань, албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. “Алдар” нийгэмлэгийн залуу бөхчүүдийн оролцсон үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн халтар аман хүзүүнд давхив.

Бэсрэг наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гардуулан өгсөн юм.

Наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа эрхэм зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уран нугаралт үзүүллээ. Цэргийн дуу бүжгийн чуулгынхны цоглог дуу, бүжиг, гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Фөн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авав.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.

Наадмын дараа хүндэт зочид эх орондоо буцахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн очив.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж