Бараг л өглөө бүр аврах албаныхан шумбах хэрэгслээ үүрэн Ситэ арлыг зорино. Парисын төвөөр долгилон урсах Сена мөрний тэхий дунд нулимсны дусал хэлбэртэй орших энэ арлыг тойрохдоо тэд ёроол шүүрдэж, унадаг дугуй, хоолны халбага хэрэгсэл, гар утас, хуучны зоос, Xристийн загалмай, буу төдийгүй музейд баймаар эртний Pомын сүлбээр зүү хүртэл олж гаргана.
Пон де Арт гүүрний дэргэдээс дурлалт хосуудын ус руу шидсэн түлхүүрийг түүж, харин гэр бүл цуцлах эсэхийг шийддэг шүүхийн ордны дэргэдэх Пон Нёф гүүр орчмоос үүрдийн хайр зуурдын болоход гээгдсэн хуримын бөгж олдоно.
Парисын амин судас болохын хувьд Сена мөрөн түүхэн дэх соёл иргэншил, харилцаа хэлхээний цуглуулга төдийгүй олон зууны туршид усан зам, усны шуудуу, гоожуурын ус, бохирын хоолой, угаалтуур болсоор ирсэн түүхтэй. Махир сэлэм мэт тахиралдахдаа энэ мөрөн хотыг Зүүн, Баруун эрэгт хуваана. Түүхэндээ Зүүн эрэг нь хэрэн хэсүүлчид, Баруун эрэг нь дээдэс язгууртных гэгддэг байсан ч он цагийн урсгалд энэ ялгаа бүдгэрсээр үгүй болжээ.
http://nationalgeographic.mn/mod-15/i-1301/