106 лицензийн сонгон шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

106 лицензийн сонгон шалгаруулалт эхэллээ

-Хайгуул, олборлолтын 106 лицензийн сонгон шалгаруулалт зарлаж байгаатай холбоотойгоор Уул уурхайн яамнаас өнөөдөр Ашигт малтмалын газарт мэдээлэл хийлээ

 

 

Ашигт малтмалын хуулийг шинэчлэн баталснаар “алдарт” 106 талбайд лиценз олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр болсон талаар Уул уурхайн яам мэдээлж байна.

Гурван шатны шүүхээс 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг "үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл" гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүнээс болж АМГ-ын өмнөх дарга шүүхээс ял сонссон билээ. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Энэхүү журмаар хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгсөн байна.

Энэ талаар  Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүү хэлэхдээ, “Журмын дагуу 30 хувийг дансанд байршуулж байж өрсөлдөх боломж нээгдэнэ. Хэрэв сонгон шалгаруулалтад ялах юм бол үлдсэн 70 хувийг дансанд байршуулах юм. Тухайн сонгон шалгаруулалтад тус лицензийг өмнө нь эзэмшиж байсан компани шалгараагүй бол босго мөнгө буюу тухайн компанийн өмнө нь гаргасан төлбөрийн мөнгийг өгнө. Өөрөөр хэлбэл нөхөн олговор олгосонд тооцох юм. Хэрэв өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани шалгарвал шууд хайгуулын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй” гэлээ.


Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа аж. Ийнхүү гарсан зардлыг баталгаажуулж, босго үнэ тогтоосон  эхний 14 талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Ингэхдээ дээрх 14 талбайд гаргасан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнэ төлөх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрх олгож байгаа аж.

Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч мэдээлэл:

Тус 14 талбай нь 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс:

– Баянхонгор аймагт  6

– Дорноговь аймагт 3

– Дундговь аймагт 1

– Өмнөговь аймагт 1

– Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1

– Ховд аймагт 1

– Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.

 

Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56,098.52 га байна.

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

1

Довцог худаг

56,098.52

Дорноговь

2

Хашаатын хөндий

22,428.06

Баянхонгор

3

Товцог хайрхан уул

20,008.53

Баянхонгор

4

Ногоон тал

13,664.08

Дорноговь

5

Амгалант

10,943.15

Өмнөговь

6

Хөх хошууны худаг

9,732.27

Дорноговь

7

Хар ат уул

4,283.93

Баянхонгор

8

Улаан эрэг

9,546.52

Баянхонгор

9

Могойт

4,501.65

Дундговь Өмнөговь

10

Бага хөх цав

4,454.54

Дундговь

11

Цогт хайрхан уул

1,313.75

Баянхонгор

12

Чойдог худаг

1,130.96

Ховд

13

Хонхор дэрс

102.02

Баянхонгор

14

Хөхтолгой

94.48

Улаанбаатар

М.ЯЛАЛТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж