“Xорихоос ажлаа үргэлжлүүлэх бэлтгэлтэй байсан”

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

“Xорихоос ажлаа үргэлжлүүлэх бэлтгэлтэй байсан”

Сэтгүүлч Р.Саруултөгс: Ял оноовол хорихоос ажлаа үргэлжлүүлэх бэлтгэлтэй байсан

"Өглөөний сонин"-ы сэтгүүлч Р.Саруултөгс эрэн сурвалжилсан цуврал  нийтлэл бичсэнийхээ төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн, жил гаруйн хугацаанд хууль,цагдаагийн байгууллагаар шалгагдсан. Хориод хоногийн өмнө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх түүний хэргийг шүүж, гэм буруугүй болохыг нь  тогтоосон юм. Эрэн сурвалжлагч тэрбээр шүүх хурлын өглөө хоол унд, хувцас гутлаа зэхэж,  ял оноовол хорихоос сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэхээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байснаа ч нуусангүй. Бүтэн зургаан цаг үргэлжилсэн шүүх хурлаас дараа түүнтэй уулзаж ярилцлаа.

– Та ажил үүргээ гүйцэтгэж яваад, эрүүгийн хэрэгт татагдсан. Ямар үндэслэлээр таныг буруутгаж, хэдэн сарын хугацаанд  хуулийн байгууллагаар явав?

– 2013 оны 5 дугаар сараас эхэлж, манай сонин болон би өөрөө ХБНГУ-д Элчин сайдаар  ажиллаж байсан Б.Даваадорж гэдэг хүнтэй холбоотой хууль бус үйл ажиллагааны талаархи мэдээллийн мөрөөр орж, сэжиг бүхий ямар хүмүүс түүний данс руу 200 мянган евро шилжүүлсэн  тухай эрэн сурвалжилсан цуврал  долоон нийтлэл бичсэн. Эдгээр нийтлэл гарсны дараа Элчин сайд Б.Даваадорж гүтгэлгийн чанартай мэдээлэл олон нийтэд тараасан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Үндсэндээ өнгөрсөн оны 7 дугаар сараас энэ оны 7 дугаар сарын 29  хүртэл нэг жил гаруй энэ хэргийн дагуу би шүүх цагдаагаар явсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар гурван удаа буцаасан. Сүүлд нь энэ сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 гэсэн зүйл ангиар хүн гүтгэсэн, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан гэж намайг улсын яллагч ялласан.

– Жил гаруй хугацаанд шүүхийн байгууллагаар явахад ямар орчин, уур амьсгалтай нүүр тулав? Тэнд иргэдийн санал сэтгэгдэл ямар байв? Шүүхийн  иргэдэд үзүүлж байгаа шударга ёсны үйлчилгээг биеэр мэдэрсний хувьд шинэчлэлийг мэдэрч чадав уу?

– Би өөрийгөө тэнд сэтгүүлч хүний өнцгөөс төсөөлөөгүй л дээ. Ер нь өнөөдөр Монгол улсад бүхий л хэрэг маргаан шударга шүүхийн дагуу шийдэгддэг гэдэгт олон нийт итгэлтэй байдаг. Гэвч нэг хэсэг энэ олон нийтийн итгэл хөсөр хаягдсан шүү дээ. Эрх мэдэлтэн албан тушаалтнууд хөрөнгө мөнгө завшчихаад ял шийтгэлгүй өнгөрөх, хэн нэгнийг зодож гэмтээчихээд байхад хэргийг хэрэгсэхгүйгээр хаадаг гэх мэт олон гомдол,мэдээлэл манай сонинд ирдэг. Намайг энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд байхад маш олон хүн “Угаасаа шүүх бол жирийн иргэн болон сэтгүүлчийг яллана. Яагаад гэвэл сэтгүүлчид бүхий л муу, муухай зүйлийг нь уудлаад бичдэг учраас чамд ял өгөөд явуулна” гэж  байсан. Би бол  мөрдөн байцаалтын явцад ч бай, прокурор дээр ч бай тодорхой хэргийг яагаад уншиж танилцахгүйгээр зүйл анги төлөвлөөд яллаж байгаа юм бол гэж бодож байсан. Гэхдээ миний эцсийн найдвар бол шүүхийн шийдвэр байсан. Ямар ч байсан эцэстээ үнэн ялна гэсэн итгэлтэй байсан. Миний хэрэг Б.Мөнхбаяр гэдэг шүүгч дээр хуваарилагдсан. Тухайн үед надад хуулиараа шүүгчтэй уулзах ямар ч боломж байхгүй, туслахтай нь уулзаад зохих мэдээллийг  аваад явдаг. Шүүгчийн туслах Нямжав гэж залуу хүнийг үүдээр нь ороод ирэхэд инээмсэглэсэн, "Та тэдэн цагт ирээрэй, өмгөөлөгч авах эрхтэй,тэдний өдөр шүүх хуралдаантай" гэхчилэн хуулийн тайлбарыг тухай бүр, ойлгомжтой өгч байсан. Яг шүүх хурал болоход би үнэн зүйл бичсэний төлөө намайг яллачихвал яана гэсэн айдас надад байсан. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй өглөө хоол ундаа сайн идээд, хувцас гутлаа бэлтгээд гарсан л даа. Надад шүүхээс ял оноосон ч тэнд нь очоод ажлаа хийнэ л гэж бодсон. Бараг ярих боломж ч олдохгүй дээ гэж бодож байтал надад шүүгч айж сандралгүйгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж ярих боломж олгосон. Шүүх хуралдаан хагас өдөр буюу бүтэн 6 цаг үргэлжилсэн. Би бүх нийтлэлээ тус бүрт нь дурьдаад явчихья гэхэд надад зөвшөөрсөнд нь их баярласан. Өмнө нь би эрэн сурвалжлах  сэтгүүлч гэдэг утгаараа  олон шүүх хурал сурвалжилж байхад шүүгдэгч нарт тэр болгон ярих боломж олгоод байдаггүй байсан. Б.Даваадорж  элчин сайдтай холбоотой бүхий л мэдээлэл Гадаад хэргийн яаманд ирсэн байсан. Үүнийг орчуулаад Л.Болд сайдад өгсөн байсан гээд холбогдох албаны хүмүүс нь хэлээд байхад нэгэнт намайг улсын яллагч яллачихлаа. Миний шүүхэд итгэх итгэл муу байна, тиймээс надад хоёроос гурван өмгөөлөгч хэрэгтэй байна гэсний дагуу манай ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц хоёр өмгөөлөгч ажиллуулсан. Миний айдас байхгүй болоод болсон бүх зүйлийг нэг бүрчилж ярьсны эцэст  шүүгч  баримт болон хохирогчийн өмгөөлөгч, миний өмгөөлөгчийн бүх мэдүүлгийг үндэслээд сэтгүүлч хүн гүтгээгүй юм байна гээд миний  хэргийг цагаатгасанд би хувьдаа үнэн юм бол үнэнээрээ явдаг л юм байна гэж итгэл найдвар төрсөн.

Сэтгүүлч  эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэдгийг шүүх баталлаа гэж  сэтгүүлчид  маш их баяртай байгаа. Хэвлэлийн эрх чөлөө энэ хэрэгт хамгаалагдсанд би  сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл энэ нь зөвхөн миний хэрэг биш бусад олон зуун сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө  бас хамгаалагдлаа.Одоо шүүх дээр хэвлэн нийтлэх ажлаа хийж яваад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн олон сэтгүүлчдийн хэргүүд бий. Тэдгээрийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдээсэй гэж би хүсч байна. Ямар ч байсан миний очсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч нар хэрэг маргааныг үнэн зөвөөр нь ялгаж, салгадаг юм байна ойлгож байгаа. Мэдээж намайг бусад иргэдээс ялгаад сэтгүүлч гэж онцгойлон хандаагүй гэдэгт  итгэлтэй байна.

-Өмнө нь та шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу? Өмнөхөөс бодит ялгаа, шүүхийн шинэтгэл мэдрэгдэв үү?

-Миний ойр дотны хүмүүс болон би өөрөө шүүхээр явж байсангүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнаж бичдэгийн хувьд надад олон гомдол саналтай хүмүүс хандаж байсан. Тэр гомдолтой хүмүүс "Цагдаа, прокурор, шүүхээр явж ялагдлаа. Эцсийн хувилбар бол олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэргийн бодит үнэнийг мэдээлж, шүүхэд нөлөөлье" гэж олон хүн ханддаг л даа. Яахав, заримдаа алдаа, оноотой юм байдаг. Гэхдээ би хувьдаа Монгол Улсад шударга шүүх байдаггүй гэж боддог байсан. Би түрүүнд шүүх хуралд орохоосоо өмнө  айдастай байснаа хэлсэн. Өнөөдөр шүүхийн байгууллага шинэчлэгдсэнээрээ шүүгч, туслахуудын  зан харьцаа бол жирийн иргэн ч бай, ялтан ч бай хүнийг  ялгахгүйгээр шүүх хуралдаанд мэтгэлцэх,өөрийгөө илэрхийлэх боломжийг нь олгодог болжээ гэж мэдэрсэн. Шүүхийн байгууллага шинэчлэгдээгүй байхад асуудал ер нь хэцүү байсан шүү дээ. Мөнгөтэй хүмүүсийн хүүхэд хэргээс мултарч үлдээд, мөнгөгүй нь шоронд явдаг нь байдаг л түгээмэл үзэгдэл. Зөндөө л иймэрхүү тохиолдол  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Хүн чинь шүүхийн шинэчлэлийг өөрийн биеэрээ мэдэрч байж мэддэг юм байна шүү дээ. Түүнээс бусад шүүх хурлууд дээр ороод байж байхад Захиргааны хэргийн шүүх дээр шүүгдэгч талд ямар ч ярих боломж олгохгүй алх цохисныхоо дараа ахиад шийдвэр гаргадаг ч юм уу тийм зүйл зөндөө л байсан. Одоо ч гэсэн мэр сэр байдаг. Шүүхийн гадаа бид нар өчнөөн олон цагаар шүүх хурлыг хүлээгээд ажиллаж л байдаг. Шинэчлэл гэдэг утгаараа зөв гольдиролдоо ороод явж байна. Цаашдаа шүүхийн шударга ёсны үйлчилгээ улам сайжрах  юм байна даа гэж бодож байгаа. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй тохиолдолд тухайн шүүгч, шүүгчийн туслах хэн ч бай хүчний байгууллагынхан хүнтэй хүн ёсоор л харьцаж байх хэрэгтэй. Цагдаагийн газарт очоод харж байхад шүүхээс эрс ялгаатай нь мэдэгдсэн. Цагдаагийнхан хүнд дээрэлхүү, гэтэл шүүхийнхэн бол арай өөр болсон гэж би өөрийнхөө хувьд дүгнэж байгаа. Миний хэргийг цагаатгалаа гэж би шүүхийг магтаад ярьж байгаа юм биш. Энэ бол жирийн нэгэн Дорж, Дулмаа оролцоогүй нөлөө бүхий албан тушаалтантай холбогдсон хэрэг гэдэг утгаараа олны анхаарлын төвд орсон хэрэг байсан.

Гэтэл энэ шүүгч бол цагаан цаасан дээр хараар бичсэн хэргийг улсын яллагчаас ч илүүтэйгээр сайн нягталж уншаад үнэний талд зөв шийдвэр гаргаж, сэтгүүлч бидэнд ажлаа цааш үргэлжлүүлэн хийх урам зоригийг өгч, сэтгүүлч нар эх сурвалжаа хамгаалах эрхтэй байдаг юм шүү гэдгийг олон түмэнд харуулсанд би ч гэлтгүй Монголын хэвлэл мэдээллийн бүхий л ажилтнууд баярлаж байгаа.

– Та шүүх дээр  иргэдийн сэтгэл зүйг тандаж үзэв үү? Шүүх рүү ороход нээлттэй танхим ажиллаж , дэлгэцээр шүүх хуралдааныг үзэж болдог болсон байгаа?

Цагдаагийн байгууллагаас улсын яллагч руу миний хэрэг шилжээд л тэрнээс хойш шүүхийн байгууллага дээр би өдөр бүр 20-иод хоногийн хугацаанд очлоо шүү дээ. Өглөө болгон 8-10 цагийн хооронд цагаа бүртгүүлдэг. Тэнд олон янзын л гэмт хэрэгт холбогдсон хүмүүс үйлчлүүлж байгаа. Энэ ажлаа хийж яваад гэмт хэрэгт холбогдсон гэж намайг мэдэхгүй, залилан хийсэн ч юмуу тиймэрхүү үүднээс надтай харьцаж яриа дэлгэнэ шүү дээ. Би сэтгүүлч хүний хувьд тэд нараас ганц хоёр үг унагаачихья, яг ямар ямар хэрэгтэй хүмүүс байдаг юм. Миний ажилд юу нь хэрэг болох юм, би бас ганц нэг хүнд нь ч болов тусалчих юмсан гэсэн үүднээс харилцаж үзсэн л дээ. Би цагдаа нарт цагаа бүртгүүлэхээр орохдоо гэмт хэрэгтэн гэдэг үүднээс харьцах болов уу гэж бодоод шууд 111.2 гэж хэлээд ордог байсан нь сэтгэл зүйн хувьд  амар байсан. Би бас хүмүүсээс санаа зовж ичнэ шүү дээ, таньдаг танихгүй олон хүн байгаа. Өчнөөн олон шүүгчийн туслах гээд залуучууд байна. Бүгд л найрсаг харилцаатай. Нэг бол цаанаасаа хүнтэй тэгж харьцаарай гээд заагаад өгчихсөн байдаг юм болов уу. Би тэрийг хэлж мэдэхгүй. Шүүх хурлын процесс бол "Нээлттэй шүүх" гэдэг танхимд хүлээлгийн өрөөнд сууж байхад бүхий л зүйл нь харагдаж байгаа болохоор шүүх хуралд орох боломжгүй байсан ч найз нөхөд, хамаатан садан нь хараад сууж байсан. Энэ мэтчилэн их сайхан болжээ. Шүүхээр ялагдсан тал нь тэр болгон ам сайтай биш байсан хэдий ч сэтгүүлч хүний нүдээр харахад шинэчлэл явагдаж байна л гэж ойлгосон.

Б.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж