Айлчлалаар ашигтай шийдвэр гаргахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Айлчлалаар ашигтай шийдвэр гаргахыг хүслээ

“Монголд бид үйлдвэрлэв” ТТБ-ынхан  өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Үйлдвэрлэл эрхэлж, эх орондоо нэмүү өртөг шингээж буй тэдгээр хүмүүсийн хувьд манай  улсын мөнхийн хөрш болсон БНХАУ, ОХУ хоёр гүрний  удирдагч нар айлчлан ирж буй түүхэн үеийг ашиглан Монголын  эдийн засаг, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүссэн юм. Монголдоо үйлдвэрлэсэн  хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн  оёмол, сүлжмэл, ноос ноолууран эдлэл, хэрэглэл, хувцас болоод бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөрш орнуудад  нийлүүлэх “алтан боломж”-ийг нээж өгөхийг тэд хүсч буй юм. Юун түрүүн  гаалийн татвараас тодорхой хугацаанд хөнгөлж өгөх хүсэлтийг Төрийн гурван  өндөрлөгт уламжилжээ.  

Үйлдвэрлэгчид хэлэхдээ “Хоёр орны зах зээл нээгдэхэд л эдийн засаг маань жинхэнэ утгаараа солонгорч олон аж ахуй, үйлдвэр нээгдэж, ажлын байр хэдэн мянгаараа нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд юу юунаас илүү бие биенээ дэмжин ажиллах хамтын ажиллагаа хэрэгтэй байна.Үеийн үед түүхэндээ бид гадаадын биш дотоодын хагаралаасаа болж бусдын хоол болж ирсэн гашуун түүх байдаг. Одоо цагт ийм байдал нь улс орны эдийн засгийн хямралд шууд нөлөөлж байна.

Монгол Улсыг өртэй болголоо гэж хэсэг хүмүүс яриад байх юм. Гэтэл ойрын жилүүдэд үйлдвэрлэгчдэд аль ч засгийн үед хийгдэж байгаагүй дэмжлэг ирсэн.Үйлдвэржилтийг бодитоор дэмжиж хэрэгжүүлж чадаж байна.Үндэсний үйлдвэрлэл сэргэж байна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд хямдарсан уу гэхээс үнэд ороогүй” хэмээн өгүүллээ.  Сүүлийн үед өсөн нэмэгдэж буй валютын ханшийн нэмэгдэл улсын мөнгөөр тендер авч, мөнгө “босгодог” хүмүүс, гаднаас бэлэн бүтээгдэхүүн авчирдаг худалдаачдад л муугаар нөлөөлснөөс бус үйлдвэрлэгчдэд харин ч боломж олгож байгааг дурдсан юм.

Хамгийн чухал нь өвөр зуураа хагаралдан муудалцахын оронд хөрш хоёр орны төрийн тэргүүн нарын айлчлалыг үйлдвэрлэл, эдийн засгийг хөгжүүлэхэд эерэгээр ашиглаж, ухаалаг шийдвэр гаргаасай гэж үйлдвэрлэл эрхлэгчид хэллээ.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж