Польшийн Катовиц хотноо эдгээр өдрүүдэд шатрын Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын шатрын холбооны мастер Сэрээнэнгийн Ган-Од дасгалжуулагчтай баг тамирчид өрсөлдөж буй.
Тэмцээний таван өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс Г.Мөнхгал, Ц.Батчулуун нар гурван оноотой VIII, X байрт, Б.Галмандах 2,5 оноогоор XXVII байрт бичигдэж байна.
Эмэгтэйчүүдийн хувьд таван өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул 3,5 оноогоор III, А.Энхтуул хоёр оноотой XVI байрт явна.
Эрэгтэйчүүдийн төрөлд нийт 46 тамирчин өрсөлдөж байгаагаас Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Баянхонгор аймгийн тамирчин, Их мастер Цэгмэдийн Батчулуун (2513) 14-т, Өвөрхангай аймгийн тамирчин, ОУ-ын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал (2418) 19-д, Архангай аймаг, МУИС, “Монгени” клубын тамирчин, спортын мастер Бадрахын Галмандах (2264) 30-д чансаалагджээ.
Эмэгтэйчүүдэд нийт 26 тамирчин өрсөлдөж байгаагаас Үндэсний шигшээ баг, “Алдар спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (2410) II, Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер, Алтан-Өлзийн Энхтуул (2300) VI-т чансаалагдсан байна.
Тэмцээн ирэх ням гаригт буюу энэ сарын 24-нд өндөрлөнө.
Ч.БОЛОР