Хакухо Монголын бейсболчдод 30 сая төгрөг хандивлав
Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал “Хакухо сан”-гаар дамжуулан Инчоны Азийн наадамд оролцох бейсболын баг тамирчдын замын зардалд зориулж, 30 сая төгрөг хандивлажээ. Багийн спортыг дэмжсэн энэхүү мөнгөн тусламжийг өнөөдөр “Хакухо сан”-гийн тэргүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал нар гардуулан өглөө. Хандив гардуулах уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Бахытжан нарын спортын байгууллагын удирдлагууд, Монголын бейсболын баг тамирчид оролцсон байна.
Их аварга Хакухо бейсболын спортод сонирхолтой, чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэдэг. Тэрээр ийн Монголын бейсболчдод хоёр дахиа Азийн наадамд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 2010 оны Азийн наадамд мөн санхүүгийн асуудлыг нь шийдэж байсан юм.
Сануулахад, 17 дахь удаагийн Азийн наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 04-нд болно.
Б.БАЯР