Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Тэнгэр, нар, түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Одонтуяа, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар оролцлоо. Мөн үэзсгэлэнгийн нээлтэд Японы парламентын Япон-Монголын парламентын бүлгэмийн төлөөлөгчид оролцсон юм.
Энэ удаагийн Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэнгийн дэргэдэх бүтээлүүдийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо зэрэг хоёр орны төр нийгмийн томоохон зүтгэлнүүдийн бүтээл байгаа нь үзэсгэлэнгийн ач холбогдол гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
100 шахам бүэтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, өгүүлбэр, яруу найргийн мөрүүдээс цогцолж байгаа бөгөөд монгол, япон бичгийн уран гоёмсог татлага, бийр бэхэсийн урлагийн ур чадварыг харуулж байгаа хэмээн үзэсгэлэнд оролцогчид онцлов. Энэхүү үзэсгэлэн ирэх 11-р сард Япон Улсад зохион байгуулагдах ажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Японы каллиграфийн нэрт мастер, хатагтай, 86 настай Яахаги Шүнкэй “Нар”, “Сакура” хэмээх хоёр үгийг урнаар татаж үзүүлэв.
Нэрт нийтлэлч Б.Баабар “Бүрдэн” хэмээх үгийг бичлээ. 2014.08.20.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж Абэ Ёокогийн бүтээл.
Монголын каллиграфич Л.Түвшинжаргал “Тэнгэр” гэсэн үгийг бичиж буй нь. 2014.08.20.