Чөлөөт бөхийн ДАШТ-д хэрхэн оролцож байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ДАШТ-д хэрхэн оролцож байсан бэ?

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болно. ДАШТ-нд манай бөхчүүд хэрхэн оролцож байгаа тухай мэдээллийг хүргэж байна.

ДАШТ-нд эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 38 дахь удаагаа оролцож байна, 1982 онд өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 13 дахь удаагаа тасралтгүй оролцож байна.

Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөс алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 15, эмэгтэй төрлөөс алтан медаль 1, мөнгөн медаль 5, хүрэл медаль 9 нийтдээ алтан медаль 4, мөнгөн медаль 17, хүрэл медаль 24, бүгд 45 медаль хүртээд байна.

ДАШТ-нээс эрэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд дасгалжуулагчаар анх О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна.

ДАШТ-нээс 3 медаль авсан 3 бөх бий, үүнд З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна. Хошой медаль авсан 9 бөх байна, үүнд С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар, О.Бурмаа нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа хошой хүрэл медаль хүртээд байна.

ДАШТ-нээс эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль авсан нь хамгийн олон медаль авсан ДАШТ болж байна. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн том амжилтад тооцогдож байна.

Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-ын жинд Дашзэвэгийн Хашбат, Дандаржамцын Лодой, 57 кг-ын жинд Базарын Сүхбаатар, 63 кг-ын жинд Түзэлийн Зундуй, 70 кг-ын жинд Жигжидийн Мөнхбат, 87 кг-ын жинд Сэрээтэрийн Цэрэн, -97 кг-ын жинд Өлзийсайханы Эрдэнэ-Очир, +97 кг-ын жинд Цэрэндонойн Санжаа нар тамирчнаар, Очирын Цэрэндагва дасгалжуулагчаар, Гомбожавын Ишням шүүгчээр, Нацагийн Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.

Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-ын жинд Цогтбазарын Энхжаргал, 51 кг-ын жинд Найдангийн Отгонжаргал, 62 кг-ын жинд Очирбатын Мягмарсүрэн нар тамирчнаар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нар дасгалжуулагчаар, Адуучийн Басхүү шүүгчээр оролцжээ.

ДАШТ-нд эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал 9 удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав 9 удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 9 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаад тооцогдож байна.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж