Гар аргаар алт олборлогчид буюу “нинжанууд” Монгол орны өнцөг булан бүрт очиж, алт болон бусад төрлийн ашигт малтмал ухан, байгаль экологид хохирол учруулсаар олон жил болж байна. Тэд зүүн аймгуудын нутагт саяхныг хүртэл очоогүй байсан юм. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагт гар аргаар алт олборлогч олон хүн очиж, газар ухаж эхэлжээ. Тус аймгийн Сүхбаатар сумын нэгэн иргэн “Тус сумын Баянгол багаас зүүн тийш 15 км-т Цагаан дэл гэж газар байдаг юм. Тэндээс их хэмжээний алт илэрсэн. Анх алт олсон хүн нь нэг тэрбум гаруй төгрөгтэй болсон гэсэн цуу яриа тархсан юм шиг байна. Дээрх газарт энэ сарын 17-ны байдлаар 10 гаруй жийп машинтай, 50 орчим хүн алт хайгч төхөөрөмж ашиглан ухаж байсан гэсэн.
Аймгаас болон сумаас цагдаагийнхан очиход бүгд зугтсан байна лээ. Гэвч маргааш нь илүү олон болж, Төв, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотоос 100 гаруй машин, 600-гаад хүн цугласан гэсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийнхан хүч нэмэгдүүлж байгаа” гэв. Энэ талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэргийнх үүгээс тодруулахад “Хууль бусаар, гар аргаар алт олборлогчид цугласан гэсэн мэдээллийн дагуу манайхаас Ажлын хэсэг гарч, хүмүүсийг тараагаад байна. Гэрийн чинээ газрыг ухаж сэндийчсэн гэсэн. Ажлын хэсгийнхэн ирээгүй болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Эх сурвалж: www.mongolnews.mn