Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын хууль бусаар олгосон гэх 106 лицензийг гурван шатны шүүхийн шийдвэрээр цуцлах шийдвэрийг гаргасан. Ийнхүү төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хайгуулын ажилд их хэмжээний мөнгө зарцуулж хохирсон гэх компаниудын зүгээс УИХ, Засгийн газар, холбогдох яамны эрх мэдэлтнүүдэд хандан энэ асуудалд анхаарал хандуулахыг өнгөрсөн 2013 оноос эхлэн хүсч байсан юм. Харин энэ асуудалтай холбоотой хуулийг УИХ хаврын чуулганаараа буюу долдугаар сарын 1-ний өдөр хэлэлцэн баталснаар 106 лицензийг дахин сэргээж олгох боломжтой болсон. Ажлын явц ямар шатанд байгааг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
-Цуцлаад байсан 106 лицензийг хэзээнээс олгож эхлэх вэ. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэхүү 106 талбай дээр сонгон шалгаруулалт явуулахын тулд өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигч нар энэ талбайд гаргасан нийт зардлаа ажлын хэсэгт хянуулж, дүгнүүлэн баталгаажуулах хэрэгтэй. Ийн баталгаажуулсан үнийн дүнгээр тухайн талбай дээрээ сонгон шалгаруулалт зарлахын өмнө өмнөх эзэмшигчид босго үнэ тогтоолгож бусад компаниудтай өрсөлдөх юм. Энэ дагуу Ашигт малтмалын газар дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани босго үнээ баталгаажуулаад тендер зарлахад бэлэн байна. Мөн журмын дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарлана.
-Босго үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–Өмнө нь лиценз эзэмшиж байсан эзэмшигчид тусгай дансанд ямар нэгэн мөнгө, барьцаа байршуулахгүй. Харин шинээр өрсөлдөж байгаа компаниуд босго үнийн 30 хувийг байршуулан өрсөлдөх юм. Ингээд үнэлгээний комисс бол ирсэн саналуудад үнэлгээ өгөөд шалгарсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь тусгай зөвшөөрлийг олгох юм.
-Өмнөх лиценз эзэмшигчид тендерт шалгарсан, шалгараагүй байлаа ч нөхөн төлбөрөө авна гэсэн үг үү?
-Журмын дагуу 30 хувийг дансанд байршуулж байж өрсөлдөх боломж нээгдэнэ. Хэрэв сонгон шалгаруулалтад ялах юм бол үлдсэн 70 хувийг дансанд байршуулах юм. Тухайн сонгон шалгаруулалтад тус лицензийг өмнө нь эзэмшиж байсан компани шалгараагүй бол босго мөнгө буюу тухайн компанийн өмнө нь гаргасан төлбөрийн мөнгийг өгнө. Өөрөөр хэлбэл нөхөн олговор олгосонд тооцох юм. Хэрэв өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани шалгарвал шууд хайгуулын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй.
-Шалгаруулалт яг хэзээнээс эхлэх вэ?
-Эхний ээлжинд босго үнээ тогтоосон талбайнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонинд зар тавьж, хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд компанид материалаа бүрдүүлж саналаа ирүүлнэ. Үүний дараа тэр саналуудыг тусгай комисс үнэлсний дараа байр эзлүүлж хамгийн өндөр оноо авсан компанийг шалгаруулж мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэв тухайн талбайн хайгуулын лицензийг шинээр өрсөлдөгч компани авбал арав хоногийн дотор үлдэгдэл мөнгө буюу босго үнийн 70 хувийг тусгай дансанд байршуулснаар тусгай зөвшөөрөл нь гарах юм.
Д.ЖАРГАЛ