Нүүрс, химийн иж бүрэн цогцолбор байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Нүүрс, химийн иж бүрэн цогцолбор байгуулна

Монгол Улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй байгаа нь дэлхийд эхний аравт жагсах үзүүлэлт аж. Гэвч дээрх нүүрсний дийлэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг байна.  Мөн түүнийгээ экспорлоё гэхээр тээврийн зардал нь борлуулах үнээсээ давчихдаг. Боловсруулах үйлдвэр барих хөрөнгийг гаднаас зээлье гэхээр Засгийн газрын зээлжих эрх хаана нь ч хүрдэггүй гээд олон асуудалтай тулгарсаар иржээ.

Тэгвэл Чингис энержи групп Монголынхоо хүрэн нүүрсний ордуудад түшиглэн Нүүрс хими болон түлш эрчим хүчний иж бүрэн цогцолбор байгуулахаар ажлаа эхлүүлсэн нь амжилттай явж байгаа аж. Тус компани нь олон жил судалгаа, тооцоо хийж БНХАУ, ОХУ болон олон улсын хөрөнгө оруулалт, техник-технологийн компаниудтай хамтран ажилласан байна. Үр дүнд нь чухал гэрээг байгуулж чаджээ. Гэрээнд тусгаснаар 2016 он гэхэд жилд хоёр тэрбум шоо метр нүүрсний нийлэгжүүлсэн хийн загвар үйлдвэр ашиглалтад орох аж. Цаашдаа жилд нийт 100 тэрбум шоо метр нүүрсний нийлэгжүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, химийн бүтээгдэхүүний үйлдвэр, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, хий дамжуулах хоолой байгуулахыг зорьж буй аж. Түүнчлэн нүүрсний нийлэгжүүлсэн хийгээр тэжээгдэх цахилгаан станц зэргээс бүрдэх нүүрс-хими болон түлш-эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг 2015-2020, 2020-2025 онуудад хоёр үе шаттайгаар байгуулах юм байна.

Түүнийг дагаад нийгэм-ахуйн бүхий л нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн орчин үеийн шинэ хотууд буюу хөгжлийн шинэ төвүүд төв, баруун, зүүн бүсэд бий болох аж. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 100 тэрбум ам.доллар байхаар тооцжээ.

Тус группийнхэн энэ төслөө бүтээн байгуулалтын бодит ажил болгохоор олон улсын гэрээ хэлэлцээрийн түвшинд албажуулж чадсан нь давуу тал болохыг салбарынхны зүгээс сайшааж байна. Энэхүү агуу том бүтээн байгуулалтын ажилд үндэсний олон компани оролцох боломж нээгдэж байгаа аж.  Мөн 200 мянга гаруй ажлын байр бий болох гэнэ. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын экспортын орлого жилд 57 тэрбум ам.доллараар нэмэгдэж 1 хүнд ногдох ДНБ 50-70 мянган ам.доллар болох эдийн засгийн үр өгөөж тооцоо гарчээ. Үүнээс гадна Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцан ашигтай үйл ажиллагаатай, харилцан хамааралтай эн зэрэгцэхүйц хөгжих бололцоо ч бий болно гэж үзэж байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж