Монголын Соёл, яруу найргийн академиас "Тэнгэр, нар, түншлэл" нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн тахимд наймдугаар сарын 20-22-ны хооронд гурван өдөр уран зураг сонирхогчдын хүртээл болох нь ээ.
Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж буй. Мөн Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд идэвхитэй оролцохоор бэлтгэж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, парламентын гишүүд 30 орчим хүн энэхүү үзэсгэлэнд нэгдэхээр каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дахь бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.
Мөн Монголын Орчин үеийн каллиграфчдын холбооны дэд тэргүүн, Дэлхийн Урлаг Соёлын Академийн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн алтан титэмт яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо болон монголын каллиграфчид бүтээлүүд дэлгэх гэж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж. Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтэнүүд, уран бичлэгийн мастеруудын бүтээл дэлгэгдэх бөгөөд Монгол-Япон парламентын бүлгэмийн гишүүд идэвхитэй оролцохоор бэлтгэж байна.
Э.ТЭКҮ