Монгол хүн дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт суралцана

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Монгол хүн дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт суралцана

Сүүлийн жилүүдэд зам тээвэр, барилга, үйлдвэрийн салбар хөгжиж буйн хэрээр ажиллах боловсон хүчин ихээхэн дутагддаг болсон. Тэр дундаа бүхий л салбарт чадварлаг инженерүүд ихээр дутагдаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар л гэхэд манай улсад 30 мянган инженерийн орон тоо эзнээ хүлээж байгаа тухай БШУЯ-наас мэдээллээ.

Тэгвэл чадварлаг инженерүүдийг сургах, тэднийг сургах боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол”-ын төсөл буюу КООСЭН сургалтыг БШУЯ, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж буйгаа БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.

Суралцах хугацаанд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлыг зээлээр олгоно.

Төслийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд жилийн 0.2 хувийн хүүтэй 7.5 тэрбум иенийн зээл авч байгаа аж.

Тус зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд эхний зургаан жил үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй Засгийн газар хоорондын зээл гэнэ.

Энэхүү зээлийг авч “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлснээр манай улс Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа метро, гүүр, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэн гаргах боломж бүрдэж байгаа юм.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдах КООСЭН сургалтын хөтөлбөр дараах зургаан чиглэлээр явагдана.

Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр

  • Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд /Япон хэл/ тэнцсэн оюутан 2015 оны гуравдугаар сараас эхлэн Япон улсын Коосэн сургуульд /Япон улсын найман их сургууль/ шууд элсэн суралцана.

Коосэн сургуулийн бэлтгэл сургалтанд элсэн суралцах хөтөлбөр

  • Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутан Монгол Улсын ШУТИС дээр хичээллэх бэлтгэл сургалтын хөтөлбөрт 1.5 жил суралцаж, Япон улсад суралцах элсэлтийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Япон улсын Коосэн сургуульд инженер, технологийн чиглэлээр 3 жил шилжин суралцаж, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө.

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

  • Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана.

Магистрын сургалтын хөтөлбөр

  • Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуулийн магистр сургалтын хөтөлбөрт хоёр жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Докторын сургалтын хөтөлбөр

  • Монгол улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуулийн доктор сургалтын хөтөлбөрт гурван жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана

Зэргийн бус сургалтын хөтөлбөр

  • Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуульд урт, богино хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Төслийн зорилго нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер техникийн ажилтан бэлтгэх дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг бүрдүүлэх, чанарыг сайжруулах юм.

Энэхүү төслийн хүрээнд ШУТИС-ийн дэргэд Коосэн загварын технологийн дээд сургууль байгуулж, энэ хичээлийн жилээс эхлэн элсэлт авч байна. Тус сургуульд элсэгчид нь ШУТИС олон МУИС-д суралцдаг байх шаардлагтай юм.

Төсөл найман жил буюу 2023 оны гурван сар хүртэл үргэлжлэх ба тус хугацаанд 1005 суралцагчийг бэлтгэн гаргах аж.

Хөтөлбөрийн төрөл

Суралцах хүний тоо

Нэгж зардал /нэг хүн/

Хамрагдах хүрээ

Бүртгэлийн хугацааа

Магистрын сургалтын хөтөлбөр

100

61.834 $

Багш, судлаач, ажилтан

 

Докторын сургалтын хөтөлбөр

60

326678 $

Багш, судлаач, ажилтан

 

Хос хөтөлбөр /2+2/ баклавар

 320

436916 $

Барилга архитектур, механик инженерийн чиглэлээр ШУТИС-д 2014-2015 оны хичээлийн жилд элссэн оюутан

2014.08 сар

Зэргийн бус сургалтын хөтөлбөр

325

46835 $

Багш, судлаач, ажилтан

 

Коосэн сургалтын хөтөлбөр

200

506981 $

Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутан

2014.08.25-09.05

нийт

1005

 

 

 

Сургалтын төлбөрийн тухайд бусад орнуудад суралцах өртөгөөс даруй 8.4 дахин бага юм. Суралцах хугацаанд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлыг зээлээр олгоно. Суралцагч амжилттай суралцаж, төгсөөд мэргэжлээрээ эх орондоо таваас дээш жил ажилласан тохиолдолд энэхүү сургалтын зээл нь тэтгэлэг болон үлдэх давуу талтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж