Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтыг аж ахуйн нэгж, иргэд дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл болсон “Дорнын цас” ХХК-ийн хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ.
Монголчууд олон зүйлийг гаднаас авч байна. Дотооддоо байгаа түүхий эдээ ашиглаад Монголдоо бүтээдэг болъё гэж Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Манай улс жилд 2-3 мянган вагон ачаа бүхий бетоныг гаднаас авдаг. “Дорнын цас” компани жилд 200 мянган метр куб хийт, хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрөөс эхлээд монголчууд ийм хэмжээний бетоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй болж байна. Манай улсын нийт зах зээлийн 30 хувийг хангах боломжтой ийм сайхан үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан “Дорнын цас” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье гэж Ерөнхий сайд хэллээ.
Манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетоны хэрэгцээтэй. Энэ хэрэгцээг “Дорнын цас” болон “МАК” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд хангаж, энэ хэмжээний хөрөнгө Монголдоо үлдэх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцлоод “Монголчууд бид олон зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг, гаднаас авдаггүй болох учиртай. Үйлдвэрлэгч байж, өөрсдөө бүтээж чадаж байгаагийн тод жишээг бид эндээс харж болохоор байна” гэлээ.
“2013 онд барилгын ажил нь эхэлсэн манай үйлдвэр байгаль орчинд хор хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг, шинэ технологи бүхий үйлдвэр юм. Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой, 60 хүн шинээр ажилтай болсон гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.