Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Хандсүрэнгийн Баасансүрэн

/“Эрдэнэ зуу” хийдийн хамба/


Фэйсбүүкээр тэнэж яваад Х.Баасансүрэн ламын гараа зүрхэндээ нааж, нүдээ үл ялиг аниад “Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай, Намрын будан бүрхчихнэ шүү, ай хөөрхий” хэмээн дуулж суугаа бичлэгийг санамсаргүй үзсэн нь өнгөрсөн хэдэн өдрийн сэтгэл хөдлөлийн минь туйл байлаа. Үгүй ээ, ингэж бичих нь бага зэрэг буруу байх. Дуртай дуучдын маань нэг Жефф Бакли “Тэр тэгэхэд хөгжим тоглоогүй, тэр өөрөө хөгжим болсон” хэмээн Нусрат Фатих Аль Ханы тухай хэлсэн шиг Баасансүрэн лам дуулсан гэхээсээ өөрөө дуу болж хувирсан мэт надад санагдсан юм. “Үйлэнд бүрэн уусахад тэнд эго хайлж, зөвхөн үйл л үлддэг” гэх үгс санаанд орно. Дотроос нь аз жаргал гийж, амгалан тайванд умбасан гэмээр төрхтэй түүнээс нөгөө дуугаа дуулаад өгөөч гэж гуйвал яг л жаахан хүүхэд шиг шуудхан л дуулж эхэлнэ. Би өөрийгөө ямар их хүлээсэнд баригдаж явдгаа энэ хүнээс ухаарах шиг…

Амарсанаагийн Амармэнд. Та ямар сахилтай вэ?

Хандсүрэнгийн Баасансүрэн. Гэцэл сахилтай. Гэлэн бол болоогүй. Гэнэн сахил гэж эгэл хар хүний сахилыг хэлдэг. Гэцэл, гэлэн гээд явахаараа гэр бүлгүй байх ёстой болно.

А.А. Лам нар тэр бүр хатуу сахил сахихаа больсон энэ үед та яагаад ийм сахил хүртсэн юм бэ?

Х.Б. Би лам болоод 23 жил болж байна. Анх хүүхэд байхдаа л учрыг нь ч мэдэхгүй шахам авсан л даа. Уг нь лам хүн заавал сахил хүртэх ёстой. Гэхдээ өнөөгийн нийгэмд сахил сахих нь амар биш. Сахил хүртэх, сахихдаа гол асуудал байгаа юм биш. Гол нь сэтгэлээ захирч л сурах гэж би боддог юм. Би өдөржингөө хоол идэхгүй гэж дарангуйлбал шөнөжингөө хоол зүүдэлнэ. Секс хийхгүй гээд байвал секс зүүдэлнэ. Аливаа үйлийг хүчээр хорьж уг үндсээр нь таслах боломжгүй. Хамгийн чухал нь зөв хандлагыг дотроосоо бий болгох. Гэнэн, гэцэл зэргээс гадна бодь сэтгэлийн, тарнийн санваар гэж бий. Муу бодол бодохгүй байх тухай юм. Ингэхийн тулд бясалгал хийх хэрэгтэй. Би хувьдаа ийм сахилыг чухалчилдаг.

А.А. Тэгвэл яаж ийм зөв хандлагыг төлөвшүүлэх вэ?

Х.Б. Өдөр тутмын амьдралдаа ухамсартай хандаж, хийж буй үйлдээ уусч, зүрх сэтгэлээсээ хий. Ажлаа хийж байхдаа, дуулж байхдаа, алхаж явахдаа бид дандаа л огт өөр юм бодож байдаг. Чи таван минутын хугацаанд тархиндаа орж ирэх бодол бүрээ жагсаагаад бичих гээд оролдоорой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байх вий. Бидний зовлонгийн нэг шалтгаан энэ. Хүүхэд аз жаргалтай байдгийн шалтгаан нь олон юм боддоггүйнх. Бясалгал бол бодлоос халих л үйл явц юм. Бодлоо, сэтгэл хөдлөлөө ажигла, тань. Бүү дэмж, бүү яар. Гэнэтхэн зогсоод юу бодож байгаагаа тань, ухаар. Таниут тэр бодол тань замхрах вий. Ийм дадлыг хүн ярихаас бусад бүх үедээ хийж болно. Энэ дадал өөрийгөө танихад чинь тусална. Ямар үед бухимдаад, юу руу шунаад, яахаараа атаархаад байна гэдгээ анзаарч эхэлнэ. Энэ бол хамгийн том буян. Цагийн хуваариар бясалгал хийлээ гээд хүн гэгээрэхгүй. Энэ үйлийг өдөр тутамдаа дадал болгож, үйл бүрээ бясалгал болгож байж л хүн гэгээрнэ. Нэг арга бий. Бугуйвч зүүчих. Бугуйвчаа харах бүртээ л бодлоо анзаараад эхэлнэ. Эхлээд өдөрт хоёр, гурван удаа бодлоо ажиглана. Дараа нь 10, 100 болно. Эхлээд бодож дууссаныхаа дараа ийм юм бодчихлоо гэж таньдаг байсан бол сүүлдээ бодож байх үедээ ингэж бодож байна даа гээд өөрийгөө анзаарч эхэлнэ. Эцэст нь бодол орж ирэх гэж байна гээд орж ирэхээс нь өмнө таньж, сарниаж сурна. Баяр хөөр, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүд бол зочин. Та бол гэрийн эзэн. Бодолтойгоо өөрийгөө бүү адилтга. Бусдыг биш өөрийгөө анхаар. Чамайг хэн нэгэн алгадаад авбал алгадсан хүн дээр биш, алгадуулсны дараа дотор чинь болох сэтгэл хөдлөлдөө төвлөр. Бусдыг өөртөө тааруулах гэдгээ болиод бусдад тохирч амьдар.    

А.А. Та юмны учир начрыг сайн олоогүй хүүхэд ахуйдаа л лам болжээ. Тэгвэл идэр насандаа ч юм уу, үеийнхээ залуусыг хараад эгэл хар хүний амьдралаар амьдрахсан гэж хүсч байсан уу?

Х.Б. Би ламын амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ би буддизм, хиндуйзм, социализм гээд ямар нэг -измд баригдахыг хүсдэггүй. Лам хувцас бол би биш. Хар болоод амьдарсан ч, шоронд орсон ч, ууланд гарсан ч энэ Баасансүрэн байж л байна. Би өөрөөсөө хаашаа ч зугтаж чадахгүй. Миний лам төрх, халзан толгой, орхимж би биш. Та үсээ хусуулж, энэ орхимжийг нөмөрлөө гээд лам болчихгүй. Би хар хүний амьдралаар амьдарсан ч, шоронд орсон ч, лам байсан ч жаргалтай л амьдарна. Би хоригдлуудтай уулзалт хийх үедээ “Та нар ёстой азтай юм. Би шоронд байсан ч болоосой. Дулаан байр, өдрийн дөрвөн хоолтой. Хажуугаар нь бясалгал хийгээд сайхан даа. Лам нар нийгмээс чөлөөлөгдөх гэж л уул руу явдаг шүү дээ” гэж хэлдэг юм. Чи там, диваажинд очихгүй. Там, диваажин өөрөө чам дээр ирнэ. Чи хаана ч там, диваажинг бий болгож чадна.

үргэлжлэл: amarmend.essay.time.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж