Олон улсын “Ралли Монголиа-2014” наадам манай улсад найман өдрийн турш болж, шилдгүүдээ тодрууллаа.
Монголын автомашин мотоциклын спортын холбоо, Японы “SSER” байгууллагатай хамтран автомашин, мотоциклийн холын зайн уралдааныг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Анхны ралли мотоциклийн ангилалд болсон бөгөөд үүнээс зургаан жилийн дараа автомашины төрөл нэмэгдсэн юм.
Энэ жилийн уралдаан “Fa coat Rally Mongolia” нэртэйгээр наймдугаар сарын 10-17-нд, Улаанбаатар-Дундговь-Говьсүмбэр-Цогт-Овоо- Элсэн тасархай- Хонгор- Өндөрширээт- Эрдэнэсант- Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 4000 км замд болов.
Мөн “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Б.Бат-Ундрал нарын зоригт бүсгүйчүүд “Ралли Монголиа"-д оролцжээ.
Мотоциклийн төрөлд дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-д сүүлчийн хоёр жил хурд сорьсон, “Доктор” автосүлжээ компанийн тамирчин, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар тэргүүлж, “Rally Mongolia”-д тав дахиа аваргалжээ. Энэ төрөлд Б.Баттөр, Э.Норовсүрэн нар удаалав.
Мөн автомашины ангилалд Б.Амартайван, Ю.Эрдэнэтөмөр нар, ачааны машины төрөлд Японы тамирчин Сугавара Терүхито, дөрвөн дугуйтын ангилалд В.Ухаан-Алдар нар тэргүүллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Японы тамирчин Яамаура Кономи түрүүлсэн бол Б.Бат-Ундрал удаалжээ.
Ч.БОЛОР
Фотог www.sser.org, www.facebook.com/rallyteammongolia хуудсаас авав.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.