Ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өссөөр өнгөрсөн долоо хоногт 1900 төгрөг даваад байсан ч өчигдрөөс эхлэн буурсан билээ. Тодруулбал, өчигдөр ам.доллар арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд 31 төгрөгөөр буурсан бол өнөөдөр мөн дахин буурсан байна. Ингэснээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өчигдөр 1864 төгрөг, өнөөдөр 1861 болж дахин буурлаа.
Валютын ханш ийн буурч буйн шалтгааныг эдийн засагчид дараах гурван үндэслэлээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, гадаад худалдааны алдагдал буурсан гэж үзэж байна. Тухайлбал, улсын гадаад худалдааны алдагдал энэ жил 200 сая ам.доллар болж огцом буурчээ. Өмнөх жилүүдэд 1.2 тэрбум орчим ам.долларын алдагдлыг зөвхөн гадаад худалдаанаас хүлээдэг байсан аж.
Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарч эхэлсэн байна. Гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарах нь төгрөгийн валюттай харилцах ханшид эерэгээр нөлөөлдөг аж. Гурав дахь шалтгааныг Хөгжлийн банкнаас их хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Ийн хоёр өдөр үргэлжлэн буураад байгаа валютын ханш цаашид ч унах төлөвтэй юм байна. Тэр тусмаа УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг батлаад 40 хувь гэсэн босгыг 70 хувь болговол ам.долларын ханш одоо байгаагаасаа даруй 200-250 төгрөгөөр унана гэж эдийн засагчдын гаргасан өөдрөг төсөөлөл ч байна.
Г.БОЛОР