Хэрэгжих боломжгүй хуулийг нь хэрэгжүүлэх гээд оролдоод байна

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Хэрэгжих боломжгүй хуулийг нь хэрэгжүүлэх гээд оролдоод байна

“Устчихсан”, “хүчингүй болчихсон”, хэрэгжих боломжгүй  “Урт нэртэй” хуулийг нь хэрэгжүүлэх гээд оролдоод байна.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Ганболдтой ярилцлаа.

-Алтны роялтийг 2.5% болгож бууруулснаар төлөвлөж байсан үр дүнд хүрэв үү? Ямар үр дүн гарч байна вэ?

-Алтны роялтийг 2.5% болгосноор эдийн засагт ямар эерэг үзүүлэлтүүд гарах талаар бид байнга ярьж байгаа. Роялтийг 2.5% болгосон нь ганцхан алтны компаниудад тусламж, дэмжлэг болохоос гадна макро эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь илүү чухал. Мэдээж алтны компаниудад маш эергээр нөлөөлж байгаа.

Хоёрдугаарт, алтны салбар ил тод болж, гадагшаа нууцаар урсдаг байсан алт одоо Төв банк болон дотооддоо төвлөрч байна. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 70 гаруй хувиар нэмэгдлээ. Энэ бол бодит үзүүлэлт, үр дүн. Алт тушаалт нэмэгдсэн гэдэг нь алтны хэдэн компаниуд эдийн засагт их хэмжээний доллар нийлүүлж байгаа гэсэн үг. Яахав, өнөөдөр валютын ханш ийм өндөр түвшинд хүрснийг хараад дотоодын алт үйлдвэрлэл валютын ханшийн өсөлтийг хязгаарлахад нөлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Гэтэл валютын ханшны савлагаа маань алт тушаалтын хэмжээнээс асар их хэмжээгээр давсан төгрөгийг зах зээл рүү нийлүүлснээс үүдэлтэй. Бараг 3 их наяд төгрөг богино хугацаанд нийлүүлэгдсэн байхад  ядаж өдий хэмжээний алт, доллар нийлүүлэгдэж байж доллар1300, 1400 гэдэг ханш дээрээ ирнэ шүү дээ.

Алтны нийлүүлэлт сайжирч өмнөх жилтэй харьцуулахад 70%-иар өссөн болохоос биш 3 тэрбум долларын алт нийлүүлэгдэж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар 250 сая гаруй долларын алт л улсын сан хөмрөгт нийлүүлэгдлээ.

-Валютын ханш ийм өндөр байгаа үед алт тушаалт нэмэгдэх нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талдаа алтны салбараас тушаагддаг роялтийн хэмжээ буурсан нь төсвийн орлого тасрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн шүүмжлэл байна?

-Алтны роялтийг багасгаснаар үйл ажиллагаа явуулж байгаа компанийн тоо 3 дахин өссөн. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 70%-иар нэмэгдсэн. Энэ бол бодит эдийн засаг руу оруулж байгаа хөрөнгө оруулалт, бодит валютын нийлүүлэлт. Нөгөө талаасаа улсын төсвийн орлого тасарч байгаад алтны роялти нөлөөллөө гэж байгаа ч улсын төсвийн орлого бүрдүүлэхэд алтны салбарын оруулж буй хувь нэмэр хамаагүй их байгаа. Яаж ч бодсон. Роялтийн хөнгөлөлтөөс алдаж байгаа мөнгөнөөс олон дахин давсан орлогыг бусад татвараар алтны компаниуд өгч байгаа гэсэн үг.

Энгийн тооцоогоор харж болно л доо. Роялтийн зөрүү 7.5%-иас хэдий хэмжээний төгрөг татвар хэлбэрээр ороогүй, алт тушаалтын 70%-ийн өсөлтөөс ямар хэмжээний төгрөг эдийн засаг, улсын төсөвт орж байна гэдгийг харьцуулаад үзвэл тэнгэр газар шиг зөрүүтэй. Үүн дээр нэг талыг барьсан буруу дүгнэлт өгч болохгүй. Уг хууль 5 жил хэрэгжих ёстой. Энэ хугацаанд алтны компаниуд боломж бололцоогоороо хуримтлалаа нэмэгдүүлж, хэмнэсэн мөнгөөрөө хайгуул хийн, алтны нөөцөө нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг улам өсгөх гэсэн зорилго бий.

-Монгол улсын алтны нөөц ямар хэмжээтэй байдаг юм бэ?

-Өнөөдрийг хүртэл ашигт малтмалын салбарын эрхзүйн орчны тогтворгүй, олон удаагийн өөрчлөлт, улстөржилт, нийгмийг турхирсан иргэний хөдөлгөөнүүд, улс төрчдийн хандлагаас үүдээд Монголд алт гэлтгүй уул уурхайн компаниуд нөөцөө хамаагүй ил тод зарлаж, нөөцөө нэмэгдүүлэх нь маш их эрсдэлтэй юм байна гэдгийг гадаад дотоодгүй ярьж байна. Ингэхээр нэг талдаа тогтмол хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлэх эдийн засгийн боломж бололцоотой компаниуд бага, нөгөө талдаа улс төр, нийгмийн эрсдэл нь өндөр учир нөөцөө ил гаргахаа больчихсон. Ийм үед манайд нөөц тэд шүү гэж ярих нь учир дутагдалтай болж байгаа юм. Ерөнхий статистик мэдээллээр бол Монгол улс 4000 гаруй тонн алттай гэдэг. Эндээс 1000 тонн нь Оюутолгойн нөөц.

Алтны шороон орд дээр олборлолт явуулдаг компаниуд энэ жил 11 тонн алт олборлож Монголбанкинд тушаахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг биелүүлнэ. Эхний 8 сард 6 тонн алт тушаачихсан, 50 гаруй хувийн биелэлттэй явж байна. 8 – 10 дугаар сар бол алтны компаниудын хувьд “ургацын” сар байдаг. Оны эцэс гэхэд амлаад байгаа 11 тонныг бид олборлоод, зах зээлд нийлүүлж чадна.

Дараагийн жилд олборлох алтны нөөцөө одоо хайгуул хийж бага багаар тогтоож байна. Түрүүн хэлсэн, нөөцөө том хэмжээгээр нь нэгмөсөн тогтоогоод явъя гэхээр эдийн засгийн нөөц бололцоо, улс төр нийгмийн эрсдэлээс хамаараад чадахгүй байгаа гэж. Тэдэн тонн алтны нөөцтэй гээд том тоо зарлахаар улс төр, нийгмийн зүгээс ирэх шахалт, дайралт, дээрэмдэлт гэсэн процессууд гарч ирдэг болохоор их эмзэг асуудал байдаг. Тийм болохоор ихэнх компани нөөцөө дарж явдаг юм.

-Ямар үед компаниуд нөөцөө ил тод зарлаад явах ёстой юм бэ?

-Энэ бол улс төрийн нөхцөл байдлаас үүдэж байгаа эмзэг асуудал юм. Улс төр маань өөрөө олон нийт, нийгэм, орон нутгийн ард иргэд рүү нөлөөлдөг, нэг талыг турхирдаг. Үндсэн хуулийн зүйл заалтыг ард түмэнд гуйвуулж тайлбарладаг. Жишээ нь газар доорх баялаг бүх ард түмнийх гэдэг. Газар доорх баялаг ард түмнийх гэж юуг хэлэх вэ гэхээр, тэр газар доор байгаа эрдсийг гаргаж, зарж борлуулж байж жинхэнэ баялаг болдог. Газар дээр гаргаж ирсэн баялгаас төр татвар авч, бүх ард түмний төлөө зарцуулдаг. Энэ нь ард түмний оролцоог илэрхийлж байгаа юм. Гэтэл үүнийг мушгиж шууд утгаар нь тайлбарлаад байдаг. Газар дор байгаа нүүрс, төмөр, алтны нөөцийг чи шууд хүрзээр ухаад хувааж авах эрхтэй гэдэг турхиралт улстөрчид, иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс их явагддаг. Энэ нөхцөл байдал маань өөрөө бүх зүйлийг эрсдэлд оруулж, далд байлгах тогтолцоог бүрдүүлчихэж байгаа юм.

Өнөөдрийн нөхцөлд намаас намд шилждэг засаг төрийн тогтолцоогоо дагаад засаг төрийн залгамж шинж чанар бүрэн алдагдчихсан. Өмнөх Засгийн газрын үеийн шийдвэр, зөвшөөрөл дараагийн сайд, дараагийн агентлагийн даргын үед бүгд хүчингүй болдог, бүгдийг өөрчилдөг. Ингээд дахиад шинээр бүх юмаа батлуулж, лицензийнхээ зөвшөөрлийг сунгуулах хэрэгтэй болно. Үүнийг дагаад нийгэмд хардлага төрүүлдэг авлига, хээл хахуулийн сүлжээ бий болдог. Чиний ажилд саад болж, чиний ажлыг зогсоож байна гэдэг чинь нэг талаасаа авлига нэхэж байна аа л гэсэн ойлголт шүү дээ. Аливаа ажлыг баталгаажуулсан бол урт хугацаанд тогтвортой мөрдөөд явах ёстой. Түүнээс биш нэг дарга гарч ирээд би шударга хүн, өмнөх дарга бол шударга биш байсан байна, одоо зөвшөөрлийг чинь хүчингүй болголоо гэх мэт үзэгдэл бизнес, эдийн засагт хортойгоор нөлөөлдөг. Өнөөдрийн “шударга”дарга хусагдсаны дараа тэрнээс илүү “шударга” дарга гарч ирвэл яах вэ. Би өмнөх даргаас 2 дахин шулуун шударга болохоор тэр даргын шийдвэрийг хүчингүй болголоо гэвэл яах вэ? Тэрний дараагийн дарга гарч ирээд би энэ даргаас чинь 4 дахин үнэнч шударга болохоор 2 дахин илүү шударга өмнөх даргын шийдвэрийг хүчингүй болголоо гэх үү? Ийм тэнэг юм байж болохгүй биз дээ?

Өнөөдөр УИХ дахь сөрөг хүчин бид эрх баригчдаас илүү шударга гээд ярьж л байна. Магадгүй сөрөг хүчний нам ялсны дараа тэр намын дарга гарч ирээд би өмнөх даргаас илүү сайн хүн гээд ажлыг нь хүчингүй болгоод эхэлбэл яахав? Ийм үйлдэл гамшгийн нөхцөл байдлыг бий болгож таарна. Нэг талаасаа цаг хугацааны явцад төрийн ажил төгөлдөршиж, сайжирч байх ёстой. Гэхдээ бизнес, эдийн засгийн харилцаа, хууль эрхзүйн орчинд тогтвортой байдал гэдэг хамгийн тэргүүн чухал зүйл байдаг юм.

-Алтны хайгуулын салбар ямар байдалтай байна вэ? Компаниуд хайгуулд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна вэ? Татварыг бага ч гэсэн хөнгөлж өгснөөр алтны компаниуд бусдыгаа бодвол арай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байгаа?

-Хэцүү шүү дээ. Алтны компаниудын олборлож байгаа алтаар ашгийг нь бодох гээд байдаг. Гэтэл орлого өндөр байж болох ч зардал маш өндөр, ашиг бага. Хөрсний зузаанаас ихээхэн хамаарч байна. Хэдий өнөөдөр уул уурхайн компаниуд зогсонги байдалд байгаа ч техникийн түрээс, түлшний зардал, цалин мөнгө гээд бүх тогтмол зардлуудын нэг нь ч буураагүй. Нөгөө талд алтны үнэ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өссөн ч 5 жилийн өмнө 1900 доллар хүрч байсантай харьцуулахад уначихлаа. Ганц давуу тал бол алт борлогдохгүй байна гэж үгүй, маркетинг зардалгүй, хурдан эргэх чадвартай байдаг.

Хайгуулын талбайд хөрөнгө оруулах санхүү эдийн засгийн нөхцөл байдал алтны шороон ордуудтай компаниудад төдийлөн байдаггүй. Анзаарч байхад алтны компаниуд ихэнхдээ техникийнхээ түрээсийг төлөхийн төлөө л ажилладаг. Жаахан нөөц гайгүйтэй компаниуд нь нөгөө техникээ өөрийн болгож авах гэж зорьдог. Хэдэн техниктэй болохын төлөө л зүтгэдэг байхгүй юу. Яагаад гэвэл том нөөцтэй, томоор хөдөлж байгаа компани алтны салбарт ганц хоёрхон л бий. “Оюутолгой”, “Бороо Гоулд” ч гэдэг юм уу. Ихэнх нь аж ахуйн анхан шатны капиталаа бий болгох гэсэн зорилгын төлөө явж байгаа. Манай “Алтан Дорнод Монгол”-ыг том компани л гэдэг. Гэтэл түүхэн том том өртэй компани болохоор өрөө дарсаар байгаад таардаг. Ингээд үзэхээр хайгуулын талбай руу, нөөц шинээр тогтоох тал дээр хаях хуримтлал үүсгэж чаддаггүй гэсэн үг. Дараа  жил олборлох нөөцийг тогтоох ажлыг л хийдэг. Хамар дорхоо л чүү ай хийж байна гэсэн үг.

-Нүүрс, төмрийн хүдрийн салбар уначихсан байгаа үед алтны салбар идэвхтэй ажиллах нь бас том дэмжлэг болж байгаа байх? Ханган нийлүүлэгчдийг ажилтай болгохоос эхлээд нүүрсний компаниас халагдаж байгаа хүмүүсийг ажилд авах гэх мэтээр?

-Тэгэлгүй яахав. Алтны компаниуд идэвхтэй ажиллаад ирэхээр ажлын байрыг нэмэгдүүлж байна. Түүнийгээ дагаад ажилчид нь орон сууцны моргейжид хамрагдаж, барилгын салбарт дэмжлэг болж байна. Алтны компанид сэлбэг тоног төхөөрөмж нийлүүлдэг, түрээсэлдэг компаниуд чинь сул зогсохгүй яваад байна. Түлш нийлүүлдэг компаниуд нүүрсний компаниудын зогсолтын алдагдлаа алтны салбараас нөхөж байна. Үүний цаана бас ажлын байр бий.

Энэ мэтчилэн том эдийн засагтайгаа холбогдоод, нэг судасных нь цус гүйж байна л гэсэн үг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад үйл ажиллагаа нь зогсчихсон байсан олон компанийн үйл ажиллагаа сэргэсэн. Жишээ нь “Алтан Дорнод Монгол” компани энэ жил 11 уурхай ажиллуулж байна. Үүний 10-т нь үйл ажиллагаа нь зогсчихсон байсан алтны компаниудыг гэрээгээр ажиллуулж байгаа. Тэнд чинь ажлын байр нэмэгдэж, үгүй ядаж хуучин хүмүүсээ халахгүй. Тэр чинээгээр татвар төлж байна. Хоёр жилийн өмнө сул зогсож байсан компаниуд ямар юмных нь татвар төлөх вэ дээ.

Эдийн засаг, уул уурхайн салбар хүнд байгаа үед дотоодын нөөц боломжоо дайчлаад алтны салбараа өөд нь татаж чадвал эдийн засгийн уналтын үед бага ч гэсэн дөхөм болно гэж бодож алтны роялтийг 2.5% болгосон шүү дээ. Валютынхаа нөөцийг 100% хангадаггүй юм гэхэд тодорхой хэмжээнд дэм болох байх. Эцсийн дүндээ бид нэг улсад, нэг тогоон дотор амьдарч байгаа гэр бүл шиг ард түмэн шүү дээ. Айлын олон хүүхдийн нэг нь ч гэсэн олигтой явбал бусаддаа тус дэм болдогтой адилхан алтны салбар олигтойхон, орлоготой явбал бусад салбарт тодорхой хэмжээний дэмжлэг болж, эдийн засагт наалдаж л таараа.

 

Уналтын үеийг ашиглаж, хууль дүрмээ сайжруулж, ойлголтоо нэгтгэх хэрэгтэй

 

-Ашигт малтмалын хуулийг өөрчиллөө. Одоо хуулийн орчин тогтвортой байна, баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана гээд яам, Засгийн газраас мэдэгдэж байна. Хуулийг дагаж мөрдөх, хуулийн хүрээнд хамаарагдаж байгаа энэ өөрчлөлтийг Та хэрхэн харж байна вэ?

-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хийгдсэн. Өөрчлөгдсөн хамгийн гол заалт бол 4 жил зогсонги байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхтэй холбоотой заалт юм. Хайгуулын салбарыг ажиллагаанд оруулснаар эдийн засагт идэвхжил үүсгэе, гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татъя, эдийн засагт орж ирэх орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлье гэсэн санаа. Миний бодлоор эдийн засагт тэгтлээ айхтар хөдөлгөөн үүсгэж чадахгүй. Дэлхий даяар уул уурхайн салбарын уналтын үе ирж байхад ийм нөхцөлд хайгуулын лицензүүдийг эргэлтэд орууллаа гээд гадны компаниуд хайгуул хийнэ гэж бараг л байхгүй. Яагаад гэхээр ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдийн эрэлт буурч, үнэ унаж байна шүү дээ.

Гэхдээ заавал хийгдэх ёстой хуулийн өөрчлөлт үү гэвэл тийм. Өнөөдрийн эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг ашиглаад өмнөх алдаануудаа засаж, эрхзүйн орчноо сайжруулж, илүү боловсронгуй болгоод авчих хэрэгтэй. Зах зээл гэдэг  тааварлашгүй. Төмрийн хүдэр, нүүрсний үнэ өсөх, ядаж өнөөдрийн үр ашиггүй байдлаас гарах юм бол тэр цагт бид илүү таатай, ойлгомжтой, тогтвортой нөхцөл байдалтай, нийгмийн хандлага эерэг байх нь их чухал. Өөрөөр хэлбэл бид хууль дүрмээ сайжруулах, ойлголтоо нэгтгэх тал дээр энэ уналтын цаг үеийг ашиглаж байх ёстой.

Гадны хөрөнгө оруулагчдын хувьд таатай орчин гэхээсээ илүү тогтвортой орчин чухал байдаг. Хөрөнгөө хийчихсэн газар нэг өдөр татвар нь өсөөд, маргааш нь буураад байвал маш хэцүү. Харин татвар нь өндөр ч бай хамаагүй, тогтвортой л байх юм бол тэр орчиндоо тааруулж тооцоо хийнэ.

-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөхөөр яригдаж байна. Энэ өөрчлөлтийг Та юу гэж ойлгож, хүлээж авч байна вэ?

-“Урт нэртэй” хууль бол ашигт малтмалын бүх салбарт хамааралтай. Ганц алтны салбар гэлтгүй төмрийн хүдэр, нүүрс, тэр бүү хэл түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрганы салбарт хүртэл хамаатай юм. “Урт нэртэй” хууль зөв зүйтэй хууль мөн үү гэвэл мөн. Харин эрхзүйн тусгал талаасаа маш том дутагдалтай.

Энэ хууль гарахаас өмнө тухайн үеийн хууль дүрмийн дагуу төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байсан компани “Урт нэртэй” хууль гарангуут үйл ажиллагаа зогсоох хэрэгтэй болсон. Тэдэнд Засгийн газар нөхөн олговор өгөөд лицензийг нь цуцална гээд заачихсан. Таван жил болоход нөхөн олговор олгоогүй, хууль хэрэгжиж чадаагүй байгаа нь хууль өөрөө “хүчингүй болсон” гэсэн үг. Хэрэгжиж чадаагүй гэдэг тодорхойлолт нь нэг талаас нөхөн олговор олгогдоогүй, нөгөө талаас үйл ажиллагаа нь явагдаагүй гэсэн үг.

Энэ хуулийг хүчинтэй байлгахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулъя гэдэг санаа явж байгаа юм. Түүнээс биш “Урт нэртэй” хуулийг өөрчлөөд голын эрэг дээр дахиад шинээр лиценз олгоод эхэлнэ гэсэн үг биш. Уг хуулийг санаачилж байсан, оролцсон байгаль орчинд хайртай, эх оронч улс төрчид маань “Урт нэртэй” хуулийг устгах гээд байна гээд мушгиж ярьдаг.

Харин ч устчихсан, хүчингүй болчихсон, хэрэгжих боломжгүй болчихсон хуулийг нь хэрэгжүүлэх гээд оролдоод байна. Яаж хэрэгжүүлэх вэ гэхээр уг хууль гарахаас өмнө хуулийн дагуу ажиллаж байсан компаниудад Засгийн газар нөхөн олговор өгнө гээд заачихсан. Засгийн газрын өөр дээрээ авсан тэр бүтэхгүй үүргийг чөлөөлье. Нөхөн олговроо хүлээгээд үйл ажиллагаагаа зогсоож өрөнд орчихсон компаниудыг өөрсдөө өрнөөсөө салахад нь тусалъя, байгаль орчноо нөхөн сэргээлгэе, дагаад дотоодын эдийн засагтаа дэм болъё гэсэн санаа юм. “Урт нэртэй” хуулийн хамгийн гол санаа нь байгаль орчныг хамгаалах. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ компаниуд зогсчихоор “нинжа” нар байгаль орчныг бүр илүү сүйтгэж байгааг зогсоож, компаниудаар байгаль орчныг нөхөн сэргээлгэж, хуулийн үндсэн зорилгыг хэрэгжүүлье гэсэн том агуулгатай.

Гэтэл үүнийг УИХ-ын зарим гишүүн, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ойлгосон ч ойлгоогүй мэт санаатайгаар гуйвуулж олон нийтэд ташаа мэдээлээд байна. Дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөрөө “Урт нэртэй” хуулийг хүчингүй болгож, уул нурууг нурааж, ус горхийг ширгээж, сүйтгэх гээд байна гэх мэтээр бүр эсрэгээр, гуйвуулсан зүйл яриад байна. Огт тийм биш.

“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх ёстой. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын хуульд уг хуулийг дагаж мөрдөх санаануудыг тусгачихсан болохоор дахин хэзээ ч гол, модны дэргэд лиценз шинээр олгогдохгүй болж байгаа.

Харин ийм хууль гарна гэж мэдээгүй, зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаад “хэлмэгдсэн” лиценз талбайнуудыг зохицуулалтаар шийдье, тэнд байгаа ашигт малтмалын нөөцийг ашиглуулаад нөхөн сэргээлгээд авъя гэсэн юм. Нарийн яривал Дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөр яг голын урсгалд орсон талбайнууд орохгүй, голын эргээс 200 метрийн дотор, голын эх бүрэлдэх хэсэгт ямар ч олборлолт явуулахгүй гээд тодоос тод заачихсан. Хуулийнхаа төслийг сайн унших хэрэгтэй л дээ. Зөвхөн хууль батлагдахаас өмнө олгогдсон лицензүүдийн асуудлыг, тэр дундаа голын эргээс 200 метрээс гадна байгаа талбайнуудыг хэлж байгаа. Түүнээс биш хууль батлагдсаны дараа олгогдсон лицензүүд, голын эх, голын урсгал дотор байгаа талбайг хэлээгүй.

Байгаль орчин, уул уурхай хоёр салшгүй хамт байдаг сэдэв. Сүүлийн жилүүдийг харвал нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг болсон. Алтны компаниудаар хязгаарлагдахгүй шүү. Нэг талаасаа урт хугацааны турш хяналтын системээ боловсронгуй болгож чадсан төр, засгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Нөгөө талаасаа уул уурхайн компаниудын ухамсар сайжирч, техник технологийн давуу тал ч бий болсон байна. Санхүү эдийн засгийн хувьд уул уурхайн төлөвлөлт хийхдээ байгаль орчны нөхөн сэргээлтийн төсөв зардлыг бий болгодог тогтолцоотой болчихсон. Гуравдугаарт, монгол хүний байгаль, лус савдгаа шүтэх, хүндлэх, эмээх ойлголт нь илүү эмзэг болчихсон. Ийм хүчин зүйлүүдээс үүдээд байгаль орчны нөхөн сэргээлт маш өндөр түвшинд хийгддэг болчихсон. Арван жилийн өмнөхөөс шал өөр болсон.

 

Хэн нэгний данс руу 18 төрлийн хуулиар 20 субьект нэвтрэх эрхтэй байна

 

-Уул уурхайн салбар төрийн бодлоготой, шинэчлэгдсэн хуультай боллоо. Бизнес эрхлэгчийн хувьд үүнээс өөр бодлогын ямар өөрчлөлтийг хүсч байна вэ?

-Алтны холбоо гэхээсээ илүүтэй бизнес эрхлэгч хувь хүнийхээ бодлыг хэлье л дээ. Монголд эдийн засгийг идэвхижүүлэхэд өөрөөс нь өдөөгч үүсгэх нь чухал. Төр бизнест оролцох биш, төр ямарваа нэг төгрөг хэвлэж, ноолуур, мах, нефть гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх биш, тухайн салбар нь дотроосоо өөрсдөө үүнийг хийх сэдлийг өдөөж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд урамшуулал өгч, бизнес хийх орчныг нь сайжруул.

Миний бодлоор хамгийн түрүүнд хийх ажил бол 20 хүрэхгүй настай компаниудынхаа ашгаас татвар авахаа зогсоомоор байна. Хэдий манай улс хамгийн бага буюу 10%-ийн татвартай гээд байгаа боловч НӨАТ, хүн ам, гааль, роялти, онцгой гээд маш олон төрлийн татвартай. Энэ олон татвар чинь нийлбэр дүнгээрээ 60-70% болчихсон. Энэ бүх татварыг арай гэж төлөөд гараад иртэл 3 тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллавал 25%, 3 тэрбумаас бага байвал 10%-ийн ашгийн татвар авна гэдэг буруу тогтолцоогоо зогсоох ёстой. 3 тэрбумаас дээш ашигтай ажилладаг компаниудыг ил гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгж байж тэр компаниуд дэлхийн зах зээлээс өөрсдөө бонд гаргаж, хөрөнгө оруулалт татдаг чадвартай болно. Ингэж өдөөж өгснөөрөө эдийн засгийг нуруундаа үүрээд явах үндэсний том компаниудыг гаргаж ирнэ. Үгүй бол өнөөдөр зүтгэлтэй, туршлагатай, хөдөлмөрч хэдэн том компани нь бүгд 40, 50 задраад жижгэрчихлээ. Нөгөө 25%-ийн ашгийн татварыг төлөхгүй, 10%-ийн татвар руу орохын тулд бизнесүүдээ жижиглэж байна шүү дээ. Чиний ашгаас татвар авахгүй ээ гэвэл энэ олон компанийн ашиг орлого тодорхой болж, Монгол улс түүхэндээ анх удаа статистик мэдээгээ бодитоор гаргадаг болно. Компаниуд өөрсдөө идэвхжиж, эдийн засгийн өдөөгч нь болж чадна. Тийм болохоор энэ ААНОАТ гэдгийг бүр тэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, уул уурхайгаас илүү хамгийн их анхаарах зүйл юу гэхээр бид Төв Азийн Швейцарь улс болж хувирах хэрэгтэй гэж боддог. Цаг агаарыг нь хэлж байгаа юм биш шүү. Эрхзүйн тогтолцоог нь хэлж байгаа юм. Аль нэг аляанс руу нэгддэг, аль нэг улсыг дэмждэг, ийш тийш нь цэрэг илгээгээд байдаг гэхээсээ илүү төвийг сахисан бодлоготой байх ёстой. Үүн дээр эдийн засгаа маш огцом сайжруулах хувилбар юу байна вэ гэхээр “Дансны халдашгүй байдлын тухай хуулийг” яаралтай баталж гаргах хэрэгтэй. Терроризмтай тэмцэх гэх мэт гоё нэр дор нуугдаж явдаг төслүүдийн нэг хэсэг болж явахын оронд дансны халдашгүй байдлын тухай хуулиа яаралтай батлаад авах хэрэгтэй.

Дэлхий дээр 10 орчим триллион доллар бохир гэдэг нэр томъёотой явж байгаа. Бохир гэдэг нэр томъёо маань өөрөө өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засагтай улсыг дагаж дайн дажинд нь нийлж оролцоогүй, үгэнд нь ороогүй улсуудын мөнгийг хэлдэг юм. Жишээ нь яг өнөөдөр Украинд дайн болж байна. АНУ, Европын холбоо ОХУ-ын эсрэг асар их хориг арга хэмжээ авч байна. Энэ их мөнгөний урсгалыг бид тосч авах хэрэгтэй шүү дээ. Оросын бизнесмэнүүдийн хэдэн зуун тэрбум доллар АНУ, Европын зах зээлээс шахагдаж, Хонконг, Сингапур гээд Ази, Зүүн Өмнөд Ази руу урсаж байна. Бид энэ мөнгийг яагаад тосч авч чадахгүй байгаа гэхээр манай тогтолцоо өөрөө маш найдваргүй байгаа юм.

Манай улсад хэн нэгний данс руу 18 төрлийн хуулиар 20 субьект нэвтрэх эрхтэй байна. Гэрлийн байцаагчаас эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүртэл. Үндсэн хуулиндаа халдашгүй гэдэг нэр томьёо байгаа хэрнээ эрүүгийн, иргэний, захиргааны, банкны гээд маш олон хуулиар хувь хүн, компанийн бүх данс руу нэвтэрдэг. Данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэнбугай ч ямар ч шийдвэрээр нэвтэрч чадахгүй Швейцарийн тогтолцоог бий болгох ёстой. Терроризмтэй тэмцэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг нэрэн дор бүх дансыг нээлттэй, “шилэн” байлгах шаардлагыг хүчирхэг гүрнүүд тавьдаг. Энэ шаардлагыг биелүүлээд явбал нөгөө л Сенегал, Конго, Непал, Мяанмар шиг улс болно.

-Манайд бүх юм нээлттэй ил тод байх ёстой гээд ярьж байна. Шилэн дансны хууль ч гэдэг юм уу? Зөрчилдөхгүй юү?

-Наадах чинь Таны гуйвуулга. Ерөнхийлөгчийн яриад байгаа Шилэн дансны хуулийн төсөл бол нийслэлийн өөрийгөө удирдах байгууллагууд, төрийн байгууллагууд олон нийтийн мөнгийг “хусаад” байгаа байдлыг ард иргэд, татвар төлөгчдөөр хянуулах зорилгоор бий болгох гэж байгаа зүйл. Энэ бол маш зөв зүйтэй, байх ёстой зүйл.

Харин миний ярьж буй зүйл бол аж ахуйн нэгж, хувь хүний дансны халдашгүй байдлыг бий болгох тухай юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үнэндээ нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөөсэй гэдгээсээ илүү Монгол улсад ойрын хугацаанд 100, 100 тэрбум доллар оруулж ирэх боломж чухал юм. Нөгөө дотоодын арилжааны банкууд чинь Хятадын банк орж ирэх гэж байна гэж айх шаардлагагүй болно. Тэд ийм хуулийг мөрддөг улсын банк болохоор тэр банкуудад асар их хэмжээний мөнгөн урсгал орж ирнэ шүү дээ.

-Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниуд нөхөн сэргээлтэд ямар хэмжээний хөрөнгө зарцуулав? Хэчнээн га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна вэ?

-Өнгөрсөн жил буюу 2013 онд Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниуд 20 орчим тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулсан. Нийлээд 1000 гаруй га газрыг нөхөн сэргээсэн. Үүнээс “Алтан Дорнод Монгол” компани 500 гаруй га талбайг нөхөн сэргээсэн байдаг. Би уржигдархан Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа 20-иод компанийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Нөхөн сэргээлтийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энэ жилийн нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгө, нөхөн сэргээсэн талбайн талаар хараахан тоо баримтууд гараагүй байна. Бид энэ жилийн нөхөн сэргээлт хийсэн ажлуудаа бүгдийг нь олон нийтэд мэдээлэх болно. Тэндээс бодит мэдээллийг аваарай. Хуучны цаг өнгөрсөн шүү. Алтны компаниуд хариуцлагатай, байгаль орчноо нөхөн сэргээдэг болсон шүү гэдгийг харуулж байгаа.

-Алтны компаниудын хувьд “нинжа” нараас “харшилтай” байдаг. Нөхөрлөл хэлбэрт орж, компаниудтай хамтран ажиллах гэх мэтээр “нинжа” нарын асуудал бага ч гэсэн цэгцэрч байгаа юм болов уу гэж ойлгож байна.

-Нэг талд уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-ээ батлуулаад албан ёсоор зөвшөөрөл аваад ажиллаж байгаа компани гэж бий. Нөгөө талд нь нийгмийн нэг гаж үзэгдэл болсон “нинжа” гэж бий. Хоёулаа алт олборлогч. Нэг нь хууль ёсны дагуу, нөгөө нь хууль бус. Гэтэл хууль бус олборлогч маань олон нийт, улс төрөөс дандаа дэмжлэг авдаг. “Нийгмийн эмзэг давхарга, бидний л адил хүн” гэх мэт сайхан үгсээр “нинжаг” хамгаалдаг. Гэтэл нөхөн сэргээгдэхгүй хаягдаж байгаа газар, бусниулж байгаа талбай, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн осол, үхэл, хууль бус алтны худалдааны эх үүсвэр нь “нинжа” болдог. Гадны том төсөл хөтөлбөрүүд “нинжаг” дэмжиж тухайн улсдаа буруу мэдээлэл дамжуулж, Монгол улсын нийгмийн эмзэг давхаргын хүмүүст туслах хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд тухайн хөгжилтэй улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс асар их хэмжээний мөнгө төсөвлүүлж авдаг. Тэр их мөнгөөр энд хурал зөвлөгөөн хийсэн төдийхөн болдгоос биш “нинжагийн” халаасанд орж байгаа ганц ч төгрөг байхгүй. “Нинжа” гэдэг чинь өөрөө гаж үзэгдэл. Уул уурхайн салбар дөнгөж үүсч хөгжиж байх XIX, XX зууны эхэн үед дэлхий дээр байсан үзэгдлийг XXI зуунд зөв зүйтэй гээд ярих нь хамгийн том эмгэнэл.

Үүнийг зөв зүйтэй гэж буруу ярьж, дэмжсэнээс болж нөгөө сэхээтэн гэгддэг дунд давхарга буюу багш, эмч нар алт угаадаг “нинжа” болж эхэллээ шүү дээ. Үүнийг гамшиг гэхгүй юу гэх юм бэ. Төрөөс буруу юмыг дэмжиж өөгшүүлсний гай бол энэ. “Нинжаг” дэмжихгүй бол “нинжа” нар уул уурхайн компаниудад болон бусад компаниудад ажилд орж, эрхзүйт харилцаанд орж, нийгэмшиж, иргэнших процесс үүсэх юм. Түүнээс биш “нинжаг” дэмжээд байвал цаггүй, сахилга батгүй, хөдөлмөр хамгаалалгүй, татвар төлөлтгүй, нийгмийн харилцаагүй, бичиг үсэггүй зэрлэг амьтан болж хувирах нөхцfлийг л дэмжиж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-“Алтан Дорнод Монгол” компани үйл ажиллагаагаа дахин эхлэхдээ “нинжа” нартай нэлээд хэл ам хийсэн. Сүүлдээ “нинжа” нарыг нөхөрлөл хэлбэрт оруулж, хамтарч ажиллаж байна гэсэн мэдээлэл гарч байсан?

-Одоо ч гэсэн “нинжа” нартай “үзсээр” л байгаа. Нөхөрлөл гэж юуг хэлээд байна вэ? Энэ гаж үзэгдлээс чинь болоод орон нутгийн зүгээс уул уурхайн компаниудыг шахдаг. Та нар энэ хүмүүсийг уурхайн талбайдаа оруул, үгүй бол та нарын үйл ажиллагаанд саад болно гэсэн нэг хэлбэрийн “шантааж” юм шүү дээ. Энэ үүднээс нөгөө нөхөрлөл гээд байгаа “нинжа” нарыг чинь бид бага зэргийн талбайдаа оруулж, алт олборлуулдаг байхгүй юу.

Юу ч гэмээр юм дээ, сүүлдээ бүр “нинжа” нарын ажиллах талбай, нөөцийг нь компаниуд бэлдэж өгөөд ч байгаа юм шиг. Энэ маань дахиад л нөгөө ард түмнээ, нинжа нарыг өөгшүүлж, гажуудуулж байгаа нэг гай юм л даа. Ажил явуулж байгаа хүмүүс аргагүй эрхэнд л үүнийг зөвшөөрдөг. Тэгсэн тэгээгүй “нинжа” нар уурхайн талбай руу дайрах, дээрэм тонуулаа хийсээр л байгаа шүү дээ. Ийм балай тогтолцоотой байсаар л байгаа.

Тэгсэн хэрнээ тэр нөхөрлөл гээд байгаа нинжа нарын ухсан талбайг бид нөхөн сэргээдэг. Бичиг баримтгүй, бүртгэлгүй “нинжа” нар чинь юу боллоо гэж ухсан талбайгаа нөхөн сэргээгээд зогсож байх вэ дээ. Аль ч улс оронд аливаа бизнес эрхэлж, ашиг мөнгө олох гэж байгаа хүн тухайн орон нутагтаа бүртгүүлээд, татвар төлөгч болж, гэрчилгээ тамга тэмдэгээ аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ чинь  стандарт болчихсон шүү дээ. Гэтэл хүрз жоотуу, ангийн буу бариад дээрэм хийж байгаа хүмүүсийг төрөөс дэмжинэ гэж байж болохгүй. Хэрэв тэднийг өрөвдөөд байгаа бол хуульдаа хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг шиг “нинжа” гэдэг нэр томъёо оруулах хэрэгтэй. Амьдрал дээр албажуулчихсан мөртлөө хуулиндаа албажуулаагүй яваад байна. Нэгмөсөн албажуулчих хэрэгтэй. Хэнбугай ч хүрз жоотуу бариад дурын газарт очиж алт ухаж болно оо гээд заачихвал амар биз дээ.

Ярилцсан С.БОЛД-ЭРДЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж