Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж “Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэнг толилуулах ажээ.
Үзэсгэлэн наймдугаар сарын 20-нд “Blue Moon” арт галерейд нээгдэх бөгөөд Японы Парламентын Япон Монголын Парламентын бүлгэмийн төлөөлөгчдөөс бүрдсэн 40 гаруй хүн нээлтийн ёслолд оролцох юм байна.
Энэ удаагийн Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүдийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар болон Монгол Улсын Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад Харилцааны сайд Л.Болд, Японы Гадаад Хэргийн сайд Кишида Фумо, Японы Либериал ардчилсан нам дахь Япон Монголын найрамдалын бүлгийн дарга Хаяаши Мотоо, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Никай Тошихиро, Япон Улсын Ерөнхий Сайд асан Кайфү Тошики нарын зэрэг хоёр орны төр нийгмийн томоохон зүтгэлтэнүүдийн бүтээл байгаа нь уг үзэсгэлэнгийн ач холбогдолыг өндөрт өргөж байна.
Нийт 80 гаруй бүтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, манай ард түмнүүдийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, үгүүлбэр, яруу найргийн мөрүүдээс цогцолж буй бөгөөд монгол бичиг хийгээд япон бичгийн уран гоёмсог татлага, бийр бэхэсийн урлагийн ур чадварыг дэлгэн үзүүлэх юм.
“Тэнгэр, нар, түншлэл” үзэсгэлэнд Монголын каллиграфийн мастерууд болох Д.Баттөмөр, Т.Жамьянсүрэн, Д.Батбаяр, Л.Түвшинжаргал, Д.Ганбаатар нар болон яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Японы каллиграфийн мастер Икеда Сакура, Яахаги Шункэй, Тэшима Тайроку, Икэда Сакура нарын бүтээлүүд орж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Японы мастерууд Япон, Монгол бичгийн уран татлагаар бичиж үзүүлэх юм байна.
Хоёр орны найрамдал, соёлын харилцааны 40 жилийн бэлгэ тэмдэг болж буй энэхүү үзэсгэлэнг Монголын Орчин үеийн Каллиграфчдын холбоо, Японы Парламентын Япон Монголын парламентын бүлгэм хамтран зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Соёл Яруу Найргийн Академи зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа ажээ. “Тэнгэр, нар, түншлэл” хэмээх энэхүү үзэсгэлэн ирэх 11-р сард Япон улсад гарна хэмээн Монголын Орчин үеийн Каллиграфчдын холбооноос мэдээллээ.
Ч.БОЛОР